“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө, Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн, Бодлого, хөрөнгө оруулалтын газрын дарга М.Шижирбаяр нар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй 28, 29, 30 дугаар орон сууцны барилгын оршин суугчидтай уулзалт хийлээ.
Дахин төлөвлөлтийн хүрээнд 28 дугаар байрны оршин суугчид 11 жилийн турш шийдэлгүй явсан тул багцаараа бус байр тус бүрээр дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн бол 29, 30 дугаар байрныхан хамтдаа дахин төлөвлөлтөд орох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Иргэдийн саналыг харгалзан үзэж, нийтээр нь буюу багцаар нь дахин төлөвлөх шийдвэрийг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө гаргалаа.
Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө: “Хөрш хүмүүс учраас амиа бодохгүй, хамтын эрх ашгаа бодох ёстой. Учир нь 28 дугаар байр тусдаа баригдвал 29, 30 дугаар байрны нийтийн эзэмшлийн талбайн тодорхой хэсгийг ашиглах шаардлага гарна. Тиймээс салгахгүй, нэгдэж, багцаар нь энэ ажлыг хэрэгжүүлсэн нь дээр юм. Энэ шийдвэрийн дагуу сонгон шалгаруулалтыг зарлана” гэв.
Ингэснээр төслийн хэрэгжилт зөвхөн нэг байрны хүрээнд бус, бүх байршлыг хамарсан цогц зохион байгуулалттай болох бөгөөд гадна орчны тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолын хүртээмж нэмэгдэж, оршин суугчдад илүү таатай амьдрах орчин бүрдүүлэх боломжтой.