Нүүр хуудасЯрилцлагаЖ.Жагаамаа: Бүсгүйчүүд маань зөвхөн гоёх гэж биш өөрийгөө хамгаалах гэж гоёлоо сонгодог...

Ж.Жагаамаа: Бүсгүйчүүд маань зөвхөн гоёх гэж биш өөрийгөө хамгаалах гэж гоёлоо сонгодог болжээ

Чамин тансаг гоёл чимэглэл, ээмэг зүүлтгүйгээр бүсгүй хүнийг төсөөлөх аргагүй. Бүсгүйчүүдийн өдөр тутмын болоод гоёлын ээмэг зүүлтийг өөрийн гараар урлан бүтээдэг *Уран гар* урлалын үүсгэн байгуулагч  Жаргалсайханы Жагаамаатай уншигчдаа уулзуулж байна.  

 

-Сайн байна уу? Өөрийгөө болон компанийхаа үйл ажиллагааг танилцуулахгүй юу?

             –Намайг Жаргалсайханы Жагаамаа гэдэг. Уран гар урланг үүсгэн байгуулагч. Манай “Сувдан гоёл” урлан анх 2007 онд байгуулагдсан. Байгалийн чулуугаар төрөл бүрийн гоёл чимэглэл урлан хэрэглэгчид, охид бүсгүйчүүдээ гоёдог.  Бид 2016 онд албан ёсны Сувдан гоёл ХХК болон өргөжиж Улаанбаатар хот болон орон нутагт танигдсан Уран гар брэндээ гарган ажиллаж байна. Бидний бүтээлээр гоёж бидэнд итгэл найдвар хүлээлгэн үйлчлүүлдэг охид бүсгүйчүүддээ талархал илэрхийлмээр байна.

 Танай бүтээгдэхүүний онцлог, давуу тал юундаа байдаг бэ?.

-Манай хамт олон бүтээлдээ өөрийн гэсэн өнгө төрхийг харуулахыг зорьдог. Тухайлбал Монгол хатан ээмэг толгойн унжлагыг эртний түүхэн соёлтойгоо нийцүүлэн хийдэг. Мөн орчин үетэйгээ хослуулан гялгар толгойн болор чулуун унжлага, ээмэг, зүүлт бугуйвч зэргийг хийдэг.

-Гоёл чимэглэлийн бараа бүтээгдэхүүнээ хаанаас авдаг вэ?

-Бид бараа материалаа Солонгос болон Тайванаас оруулж ирдэг. Бүтээгдэхүүн чулуу, сувдны хувьд таримал болон байгалийн гээд янз бүр байна. Металуудын хувьд бид ихэвчлэн алтлаг шаргал, монетан өнгийг давуу сонгодог. Мөнгөн метал ч байгаа. Манай бүх метал хүний биед харшил өгдөггүй. Өнгөө алддаггүй гэдгээрээ онцлогтой. Тиймээс урт удаан эдэлгээг хэрэглэгчиддээ өгдөг гэсэн үг.

-Загварын хувьд бусад гоёл чимэглэлээс ялгарах онцлог давуу тал юу вэ?

-Би загвараа өөрөө гаргадаг. Тийм болохоор дахин давтагдашгүй загвар хийцтэй байлгахыг чухалчилдаг.  Бид үйлчлүүлэгчиддээ сэтгэл ханамжийн баталгааг 100 хувь олгож чаддаг. Бараа бүтээгдэхүүндээ хэдэн сарын баталгаа бичиж өгөөд явуулахдаа гол биш. Үйлчлүүлэгчид маань үргэлж бидэнтэй эргэх холбоотой байдаг. Хэзээ ч эргэж ирээд засуулаад загвараа өөрчлүүлээд аваад явах боломжтой.  Бид худалдаанаас гадна засварын үйлчилгээг үзүүлдэг. Хүн бүрт нэг хайртай эдлэл байдаг даа. Загвар хийц нь хуучирсан ч юм уу, өвөө эмээгээс нь өвлөж ирсэн ч юм уу зүүгээд явж чаддаггүй, бас хаяж болдоггүй. Тийм гоёл чимэглэл ээмэг зүүлт байх юм бол орчин үеийн хэв загварт оруулан засаж шинэчилж өгдөг.

Хүнийг гоёхоос гадна энергиэ шингээж хадгалдаг биедээ үргэлж авч явдаг сахиус мэт гоёлыг бид бүтээхийг эрхэмлэдэг.

 

-Загвар хийц цаг хугацааны эрхээр дандаа өөрчлөгдөж байдаг зүйл. Энэ өөрчлөлтөд хамгийн бэлэн байх ёстой, мэдрэмжтэй хандах ёстойг танай салбараас шаарддаг байх?  

-Тийм шүү. Өмнө нь хүмүүс их том чулуу, том шигтгээтэй загвар сонирхдог байсан бол одоо жижиг, тэгээд маш чамин давхарласан зүүлтүүдийг сонирхож байна. Тэр дундаа цэвэр байгалийн гаралтай чулуун гоёлыг сонгох болжээ. Манай бүтээлүүд ямар ч хүний сонирхол, загварт нийцэж чадахаар өргөн сонголттой байгаа учраас өөрийн хүслээр сонголтоо хийх боломжтой. Хэрвээ хүсвэл бүсгүйчүүд маань өөрийн хүссэн загвараар захиалгаад хийлгэж болно. Цор ганц загвараар зөвхөн өөрт нь зориулан бүтээж өгч байгаа. Зөвхөн эмэгтэйчүүд ч гэлтгүй эрчүүд маань хүртэл өөрийн гоёлоо сонгож болно.

Охидуудын хувьд энэ жилийн чиг хандлага чулуун шигтгээтэй гоёл давамгайлж байна.

-Анх бизнесийн гараагаа эхлүүлж байсан үеэс өнөөдрийн үйл ажиллагаа хүртэл гарсан өөрчлөлт таны хувьд юу вэ?

-Энэ салбарт анх гараагаа эхэлж байхад түүхий эд тун ховор байлаа. Мэдээж энэ мэт бэрхшээлтэй зүйлүүд зөндөө л байсан. Харин одоо түүхий эд элбэг болсон. Тийм болохоор хүссэн загвар хийцээр хүмүүсийн гоёлыг урлах өргөн боломж нэмэгдсэн. Аливаа зүйл байхгүйгээс л эхэлдэг хойно. Анх санхүүгийн асуудал ч их тулгардаг байлаа. Энэ бүхнийг даван туулж өнөөдрийг хүртэл охид бүсгүйчүүдийнхээ талархалыг хүлээсэн хамт олон болж чадсанаараа бахархдаг.

Бидний 11 жилийн хичээл зүтгэл, хөдөлмөр, дадлага туршлага манай бүтээлүүдэд шингэсэн байгаа.

 “Уран гар” урланд хэдэн хүн ажиллаж энэ гоёл чимэглэлийг урладаг вэ?. Мөн үнийн хувьд манай уншигчдад сонирхуулвал?

-Бид дөрөвүүлээ ажилдаг. Манай дэлгүүрийг орон нутагт салбартай болооч гэсэн санал хүсэлт маш их ирж байгаа учраас үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй зорилго тавин ажиллаж байна. Бид үнийн хувьд маш боломжийн үнэ санал болгодог. Мөн баяр ёслол тохиолдуулан үргэлж хямдрал урамшуулал зарлаж хэрэглэгчиддээ бэлэг барьдаг.

-Сүүлийн үед хүмүүс ээлтэй чулуу, ордны чулуу гэж их зүүдэг. Энэ ер нь хэр ач холбогдолтой зүйл вэ?

-Мэдээж хэрэгтэй зүйл шүү дээ. Хүмүүс гоёлыг зөвхөн гоёл гэж хэрэглэдэг цаг үе өнгөрсөн. Одоо энергиэ хадгалах, эрүүл мэндээ хамгаалах үүднээс байгалын чулуу маш ихээр хэрэглэж байна. Энэ нь ч маш зөв. Хүний ээлтэй чулуу тухайн эзнээ гай зовлон, муу бүхнээс хамгаалж олз омог аз хиймориор дүүрэн явахад тусладаг. Тиймээс ээлтэй чулуу, гоёлоо зүүж байх хэрэгтэй.

-Энэ жилийн гоёлын трендийг санал болгооч гэвэл та ямар гоёлыг нэрлэх вэ?

-Манай урлангийн зүгээс энэ жилийн трендийг алтан утаст болор чулуу гэж нэрлэнэ. Ер нь энэ жил ч гэлтгүй хэзээд үнэ цэнэ загвараа алдахгүй маш гоё тансаг гоёл шүү.

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье?

-Баярлалаа.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН