Хятадад “Хагас коксон шахмал түлш”-нд угаартсан түүх үгүй юм билээ. . .
Намрын улирал ирж, галлагааны үе эхлэх гэж байгаа энэ цагт нийслэлчүүдэд нэн даруй хийх нэг алхам байна. Саяхнаас олны анхааралд ороод байгаа хагас коксон шахмал түлшийг түлэх үү, үгүй юу гэдгийг шийдвэрлэх мөч. Шийдэх гэхээс илүүтэй хийж хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсон цаг гэж хэлж болох юм. Манайхан ч туршилтанд орох нь гэж цахим орчинд санал шүүмжлэлээ хэлж байна. Харин Улаанбаатарыг утаагүй болгоход оролцох, үүрэг хүлээсэн хүмүүсийн хувьд урагш нэг алхахаас өөр аргагүй цаг үе юм.
Дэлхийн олон улс оронд утааны асуудал тулгарч байсан, одоо ч тулгарч байгаа нь үнэн. Энэ асуудлаа түүхий нүүрс, шахмал түлж, хагас коксон шахмал түлш, хий, орон сууц гэх дарааллаар шийдэж байна. Бидний урд хөрш БНХАУ бол ойрын жишээ. Бээжин утаатай болж үзэгдэх орчин харагдахаа байсан цаг саяхан. Тэдний туршлага бол өнөөдрийн хагас коксон шахмал түлш болоод хийгээр эрчим хүчээ шийдэж чадсанд байгаа юм. Энэ улсад өнөөдөр 300 орчим хагас коксон шахмал түлш, түүний түүхий эд хагас кокс, давирхай, хийг гаргаж авах үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байна. Энд улс төржилт биш, утаанаасаа салахад анхаарлаа хандуулах нь чухал болов уу? Урд хөршийн ойрын туршлагаас харж, цөөн хэдэн үйлдвэрийн үйл ажиллагааг сонирхлоо.
Юун түрүүнд коскжих нүүрс, хагас коксон шахмал түлшний ялгааг ойлгох хэрэгтэй. Коксжих нүүрс нь байгальд байгаа түүхий эд бол хүрэн нүүрсийг 650-750 градусын хэмд халааж хагас кокс гардаг. Тодруулбал,
Хүрэн нүүрснээс:
- Хий
- Давирхай
- Хагас кокс гарган авч байна.
Өдгөө БНХАУ-д эдгээрийг гарган авч, хийгээр нь эрчим хүч, давирхайгаар тос тосолгоо, дизель түлш, замын асфальт зэрэг бүтээгдэхүүн болгож байна. Харин хагас коксоор шахмал түлш, шорлогны нүүрс зэргийг үйлдвэрлээд бүхий л төрлийн хэрэгцээг хангаад удаж байгаа юм.
Утаанаас салах нэг алхам-ХАГАС КОКС-н шахмал түлш. . .
БНХАУ-д энгийн шахмал түлшний үйлдвэрээс эхлээд хүрэн нүүрснээс хий, давирхай, хагас коксоо гаргах үйлдвэр, цаашлаад энэ бүхнийг цогцлоосон бүрэн цогцолбор үйлдвэрүүд ч байна. Тухайлбал,
БНХАУ-ын Шаньси мужийн “Шэнмү эрчим хүчний технологийн компани” байгуулагдаад 14 жил болж байгаа энэ үйлдвэр 1600 орчим ажилтантай. 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай, 2006 онд байгуулагдахдаа 250 сая юанийн өртөгтэй, 2 жилийн хугацаанд баригдсан үйлдвэр юм. Үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа хүрэн нүүрснээс хий, давирхай, хагас кокс үйлдвэрлэх юм. Үйлдвэр нь тус бүр жилд 200 мянган тонн хагас кокс боловсруулах хүчин чадалтай 4 зуухтай, нийт хүчин чадал жилд 800 мянган тонн хагас кокс, 700 сая.м3 шатдаг хий, 60-80 мянган тонн давирхай үйлдвэрлэнэ. 50МВт хүчин чадалтай хийн цахилгаан станцтай. Үйлдвэрийн үндсэн зорилтот бүтээгдэхүүн нь цахилгаан эрчим хүч, давирхай бөгөөд хагас кокс нь дайвар бүтээгдэхүүн болдог байна. Үйлдвэрээс гарч буй хийг цэвэршүүлэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг, давирхайгаа тусгай тээврээр давирхай боловсруулах химийн үйлдвэрт нийлүүлж байна. Харин том ширхэглэгт хагас коксыг гангийн үйлдвэрт нийлүүлдэг бөгөөд нунтаг хагас коксыг шахмал түлшний үйлдвэрт нийлүүлсээр иржээ.
Бидний авах, нутагшуулах үйлдвэрийн жишээ бол “Wan Zong Wei Ye” үйлдвэр. . .
Шаньси мужийн Шэнмү хотод байрлах энэхүү үйлдвэр нь байгуулагдаад 24 жил болсон, химийн бүрэн цогцолбор буюу шинжлэх ухаан технологи болон нүүрсний аж үйлдвэрийн томоохон компанийн нэг юм. Хятад даяар үндэсний хэмжээний компани болсон энэ үйлдвэр 2011 онд төслөө эхлүүлж, 2017 онд үйлдвэр нь байгуулагдсан. Нийт 600 сая юанийн өртөгтэй баригджээ.
Улсдаа урдаа барих үйлдвэрийн нэг болсны онцлог нь хүрэн нүүрсээ олборлож, түүнээс хий, давирхай болон дагавар бүтээгдэхүүн хагас коксоо гарган авдагт байгаа юм.
“Ван Зонг Вей Еэ” үйлдвэр нь:
- Нүүрс угаах үйлдвэр
- Хагас коксын үйлдвэр
- Эрчим хүч
- Шахмал түлшний гэсэн үндсэн дөрвөн үйлдвэртэй.
Нэг жилд 900 мянган тонн нүүрс угаах хүчин чадалтай, нийт 20 га талбайг хамрах уг химийн аж үйлдвэр 150 тоннын 4 зуухтай, 600 мянган тонн хагас коксон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ.
Хагас коксоор том, дунд, жижиг гэхчлэн 4 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Хагас коксон шахмал түлш гаргахаас гадна шорлогны нүүрс үйлдвэрлэж улсынхаа хэрэглээг хангахаас гадна Солонгос зэрэг гадны улс оронд нийлүүлж байна.
Бүтээгдэхүүнүүд:
- Савласан хагас коксон шахмал түлш
- Хоол хүнсэнд хэрэглэх зориулалтаар ресторанд
- Айл өрхийн хэрэглээнд
- Зууханд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Хагас коксон шахмал түлш болоод шорлогны нүүрс нь олон төрлийн хэлбэртэй үйлдвэрлэгдэж, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн болж чаджээ. Үүнээс гадна үйлдвэр нь нэг дор бүх асуудлаа шийдсэн. Ажилчдынхаа амьдрах орчныг шийдвэрлэж, дэргэдээ орон сууц барисан. Улирал тутамд ажилчдаа гэр бүлийн хамт эрүүл мэндийн үзлэгт оруулдаг гээд олон давуу тал байна. Хамгийн чухал нь эдгээр үйлдвэрүүд лабораторийн давхар шинжилгээгээр баталгааждаг, чанарын үзүүлэлтийг нь тогтмол хянадагт байна.
Харин одоо бид гадны байгууллагын гоё сайхныг хараад үлдэх биш өөрийн нутагт нутагшуулах, бүтээн байгуулах цаг иржээ. Өнгөрсөн он жилүүдэд утаатайгаа тэмцэх нэрийдлээр 44 их наядыг үрсэн гэх тоон мэдээлэл бий. Харин урд хөршид бэлэн туршлага, бэлэн үйлдвэр нь байхад эхний ээлжинд хагас коксон шахмал түлшээ түлэх нь зүйтэй юм. Үгүй бол Улаанбаатарчууд энэ өвөл утаатайгаа л үлдэнэ. Харин дараагийн ээлжинд хагас коксон шахмал түлшний үйлдвэрээ барих том ажил хүлээж байна. Ийм үйлдвэр барих ТЭЗҮ одоогоор боловсруулагдаж байгаа бөгөөд 18 сарын хугацаатай гэж тооцоолон 2025 он гэхэд баригдахаар төлөвлөгдсөн юм билээ. Олон улсын туршлагаас харахад байж болох хувилбар хагас коксон шахмал түлш байна. Харин энэ өвөл нийслэлчүүд 177.5 тэрбумаар хагас коксон шахмал түлш хэрэглэх байсан бол 32 тэрбумаар Нисэх, Яармаг, Налайх, Дархан-Уул гэсэн хэдэн цэгт түлэхээр болж байна. Энэ ажлыг эсэргүүцэх биш дэмжих хэрэгтэй гэдгийг олон улсын жишээнээс харж болно. Тэгээд ч хагас коксон шахмал түлш түлээд муудсан зүйл байхгүй гэдгийг урд хөршийн жишээ бүр тод харуулж байна. Энэ жилдээ бид хагас коксон шахмал түлшийг урдаас авч хэрэглэж болох ч ирэх жилүүдэд өөрийн гэсэн үйлдвэртэй болох нь хамгаас чухал юм. Энэ бол утаанаас салах арга, нийслэлчүүдийн хамтдаа хийх бүтээн байгуулалт байх учиртай юм. Энэ бол нэг алхам цаашид хагас коксон шахмал түлш, хий, орон сууц дэд бүтэц гээд цогцоор нь шийдвэрлэх шаардлага тулгарч байна.