Нүүр хуудасУлс ТөрУур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

Уур амьсгалын Үндэсний хорооны өнөөдийн хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2022-2030 онд хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө болон Үндэсний хорооны 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Үндэсний хорооны 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээнд Уур амьсгалын өөрлөлтийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохицуулах, салбар дундын уялдаа, зохицуулалтаар хангах, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбар болон бусад салбарт 17 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөв.

Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэний дээр хур тунадас 7.3 хувиар буурсан. Мөн 1990-ээд оны дундаас хойш Монгол орны газрын хөрсний мөнх цэвдэг гэсэх, уулсын мөнх цас, мөсөн гол хайлах явц эрчимжиж, мөстлөг хэлбэрээр хадгалагдаж байсан усны хэмжээ буурч байна.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлигийг гаргаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөнд 27 үйл ажиллагаа, 154 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0 %-д хүргэж, цөлжилт, газрын доройтолд хүчтэй өртсөн газар нутгийг 4.0 %-иар бууруулж, хүлэмжийн хийн шингээлтийг 11.0 %-иар нэмэгдүүлэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх, ашигт ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, хүнсний хангамжийг сайжруулахад зохих хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Уур амьсгалын үндэсний хорооны үндсэн үйл ажиллагаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох байгальд түшиглэсэн дасан зохицлын арга хэмжээ, тухайлбал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, хүлэмжийн хий ихээр ялгаруулж байгаа эдийн засгийн голлох салбаруудын техник, технологийг ус, эрчим хүчний хэмнэлттэй цэвэр, ногоон технологид шилжүүлэх, хатуу түлшний хэрэглээг үе шаттай бууруулах чиглэлээр хийх ажлуудыг эрчимжүүлэх, Монгол орны нийт нутгаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр учирч байгаа аюул эрсдэлд хариу арга хэмжээ үзүүлэх, гамшгаас эртнээс урьдчилан сэргийлэх төсөв, төлөвлөгөөг сайжруулах, салбар дундын уялдаа зохицуулалтаар хангахад чиглэгдэнэ гэж төлөвлөн харж байна.

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжсөн. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ зөвхөн мод тарих асуудал биш. Үүнд ул суурьтай, судалгаа тооцоотой ажиллаж, малын тоо толгойг чанаржуулах асуудалд анхаарал хандуулж, малын гаралтай бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, экспортлох зэрэгт анхаарал хандуулах шаардлагатай байна.

Мөн эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэхээс гадна эдийн засгийн өндөр үр өгөөжтэй билээ. Тодруулбал, манай улс 2,600 ГВт нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийг суурилуулж ашиглах боломжтой бөгөөд энэ нь жилд 5,457 ТВт.ц (тераватт цаг) байгальд ээлтэй цэвэр эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал юм. Энэхүү нөөцөөр эрчим хүчний дотоодын хэрэглээг бүрэн хангаад зогсохгүй эрчим хүч дамжуулах дэд бүтцийг оновчтой шийдсэн тохиолдолд Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний эрэлтийг хангах боломжтой гэсэн судалгаа бий.

+5

Бүх хариу үйлдэл:

2323

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН