Ухань хотод коронавирусийн цар тахал анх дэгдэхэд гадагш мэдээлэл түгээж байсан иргэн Зань Заньд Хятадын шүүх Даваа гарагт дөрвөн жил шоронд хорих ял оноосон юм.
Түүнд “нийгмийг талцуулж, тогтворгүй байдалд турхирсан” гэх үндэслэлээр хорих ял оноосныг өмгөөлөгч нь мэдээлжээ.
Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео гаргасан мэдэгдэлдээ иргэний сэтгүүлч Зань Занийг даруй суллахыг уриалж, Уханьд дэгдсэн цар тахлын талаарх бодит мэдээллийг хааж, хориглож байгаа Хятадын Коммунист Намыг шүүмжилсэн байна.
Европын Холбоо өчигдөр бас Зань Занийг даруй суллахыг Хятадын засгийн газарт уриалсан байна.
“Найдвартай эх сурвалжаас авсан мэдээллээр хатагтай Занийг саатуулахдаа эрүү шүүлт тулгаж, зүй бусаар харьцаж байсныг тогтоосон. Үүний улмаас түүний эрүүл мэнд муудаад байна” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.
Өрнөдийн орнуудад зул сарын амралт тохиож буй өдрүүдэд Заний шүүх хурлыг зохион байгуулсан нь анхаарал татахгүй байхын тулд зориуд тооцоолсон арга хэмжээ гэж шүүмжлэгчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters