Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Уг төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр “Эн Ти Би” ХХК, “ГрэйпСити Монгол” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд нийслэлийн 6 дүүрэгт байрших төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулахаар ажиллаж байна.
Төслийн хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж буй төлбөртэй авто зогсоолын нэгдсэн системд холбох, сул зогсоолын мэдээлэл, аюулгүй байдлыг хангах хяналтын камержуулалт, ухаалаг технологид суурилсан урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийн систем, мөн бусад системийг хөгжүүлэх юм. Ингэснээр авто зогсоолын төлбөрийг Токи, Ард аппликейшн, U money, Мост финтек зэрэг бүх төрлийн цахим хэтэвчээр төлөх зэрэг олон хувилбар бий болж, бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийдэг байдлыг халах давуу талтай.
Мөн Төсөл хэрэгжүүлэх байршлуудад 1244 мод тарих, ногоон байгууламж бий болгох, 50 хүртэлх цахилгаан хурдан цэнэглэгчийг суурилуулах зэрэг агаар, орчны бохирдлыг бууруулах ажлуудыг хийхээр төлөвлөж байна.