УИХ-ын хаврын чуулган өндөр үүдээ нээж, төрийн өндөрлөгүүд өргөн олныхоо өмнө улс орны бодлого хийгээд улс төрийн нөхцөл байдлын талаар хатуухан хийгээд шулуун үгнүүдийг хэлчихлээ. УИХ-ын дарга Н.Учрал нээлтийн үгэндээ худал хуурмагтай, “хулгай”-тай, авлига, албан тушаалтнуудын буруутай үйл хэрэгтэй буцалтгүй тэмцэнэ гэдгийг онцолсон. Тэрбээр, “УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгийг дахин давтан хэлэхийг хүсэж байна. Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа үнэнч байж “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх өв сургаалыг санаж, үлгэр дуурайлал үзүүлэхийг ардчилсан төрийн жинхэнэ эзэд, эх булаг нь болсон ард түмэн Та биднээс шаардаж байна. Иргэнээсээ илүү тусгай дархан эрх эдэлдэггүй, ил тод нээлттэй, бүтээлч, хариуцлагатай, авлигаас ангид, ардчилсан парламентын нэр хүндийг өндөрт өргөж, иргэдийнхээ итгэлийг эвдэхгүй, сэтгэлийг нь сэвтээхгүй ямагт ёс зүйн өндөрлөгт ажиллаж, парламентын дархлаагаа хадгалан хамгаалах нь цаг үеийн шаардлага, цадиг түүхийн сургамж юм” гэлээ.
Нөгөө талдаа УИХ-ын дарга Н.Учрал ард түмнээ сонсоод, аймгуудад ажиллаад ирсэн хүний хувьд “УИХ-ын гишүүдийн хамт Зүүн, Төв, Хангай, Хойд бүсэд ажиллаж, 8200 гаруй иргэнтэй нүүр тулан нээлттэй уулзаж, илэн далангүй ярилцлаа. Ажил, амьдралд нь тулгамдсан асуудал бэрхшээлийн талаарх санал бодлыг нь сонсож, хууль тогтоомж хэрхэн хөрсөн дээрээ хэрэгжиж байгаатай танилцлаа. Малчид малчны тухай, ахмадууд Ахмад настны болон тэтгэврийн тухай, эмч багш нар, соёлын салбарынхан цалин хөлсний нэмэгдэл, эцэг эхчүүд, олон нийт Хүүхэд хамгааллын тухай хуулийн биелэлтийг нэхэж, шуурхай, нэг мөр хэрэгжүүлэхийг шаардлаа” гэв.
УИХ-ын даргын хувьд ард түмнээсээ үг сонсоод, бас ч үгүй болж бүтэхгүй байгаа асуудлаар “чичлүүлээд” ирсэн хүний хувьд энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудал, хуулиуд “амьтай”, иргэн төвтэй, эдийн засгийн “гол”-той өрнөх болов уу гэж харагдахаар зураглал өрнөлөө.
МАН-ын бүлгийн гишүүд улс төрийн нөхцөл байдлын хувьд “амаргүй” байгаа гэж олон нийт харж байгаа. Ачиртаа тийм ч амгалан биш байгаа нь үнэн. Гэхдээ МАН гэдэг нэг малгайн дор нэгдэж чадвал тэдэнд улс орныг жолоодох чадвар бий гэдэг нь эдийн засгийн үзүүлэлт, өнөөгийн энэ зэрэгтэй байгаа нь тэднээр овоглогдох нь гарчаагүй юм.
Ерөнхийлөгч ардчилсан парламент хүчтэй байх ёстойг захилаа
Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орж ирж үг хэллээ. Тэрбээр “Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх, УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.
Үүнийг зарим хүн “парламентын дархлаанд халдаж байна” гэж шүүмжилж байгааг би мэдэж байгаа. Болгоомжлол байгааг ч хүндэтгэн ойлгож байна.
Миний байр суурь маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай би огт яриагүй.
Иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн элч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр аашлах дархан эрхийг бус, харин төрийн үйл хэргийг нэр төртэй, хариуцлагатай хөтлөөрэй гэж итгэл, сэтгэлээ өгдөг юм. “Итгэл эзэнтэйгээ үхдэг” гэж үг ч байдаг” гэсэн юм.
Түүний хэлсэн үг угтаа төрийн нэр барьж, УИХ-ын гишүүний дархан эрхийн цаана ёс зүйгүй, хуульт төрд захирагддаггүй байх боломжгүй. Ард түмэн эл байдлыг эс тэвчинэ гэдгийг хатуухан хэлчихсэн юм. Хэдийгээр УИХ-ын индрээс хэлсэн боловч хоёр талцаад байгаа намынхандаа миний, чиний гэхгүйгээр хэлсэн улс төрийн хийгээд ёс зүйн сануулга болчихов уу. Алдаж эндэж, аархаж сайрхаж бас авч өгч сурсан “ах хүний” үг гэж харж болох юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд шударга ёс, эрх тэгш байдал, эв нэгдэл хангаж хэлсэн үг ч байж болох. Ямартай ч МАН-ын цонхоор харлаа гэж үзвэл хэдэн “дүү нар” нь хэмлэлдээд байхад яаж зүгээр суух билээ гэдэг шиг л харагдлаа. Хэлсэн үгэндээ эзэн болох хийгээд үүрэг нь Ерөнхийлөгч эв нэгдлийг хангагч байх учиртай. Эв нэгдэл ярьчихаад элдэвлэн талцуулж болохгүй. Эс тэгвээс ард түмэн чинь Таны хэлсэнчлэн үл тэвчинэ.
Ардчилсан нам иргэдээ бус улс төрийг төлөөлдөг юм уу
Бүүр нөгөө талдаа бол АН-ынхан чуулганы эхний өдрөө улстөржсөн мэдэгдэл хийж байх юм. “УИХ-ын даргыг албан тушаалаа өгөхийг шаардаж байна” гэх уриатай мэдээлэл хийв. Түмэн олныг төлөөлнө гэж УИХ-д сонгогдчихоод төлөөллийн зарчмаасаа ухарч, “хуралдаа суухгүй” гэж байгааг юу гэж ойлгох вэ. Хурал эхлээгүй байхад юу эсэргүүцэж байгаа нь ч тодорхой бус. Харин ч улс төрийн хуулийн хэлэлцүүлгийг хамтарч мэтгэлцээд сайн хууль “өлгийдөх” үүрэгтэй биш үү.
Чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажилласан. Ардчилсан намын гишүүдийг тойрогт ажиллахад “Н.Учралыг ажлаас нь чөлөөлөөд өгөөч” гээд гишүүд санал хэлсэн байна гэж байх уу. Иргэдийн амьдрал өнөөдөр амаргүй байгаа. Орон нутагт цастай зудтай, өвс тэжээл, бэлчээр ус, отор нүүдэл гээд иргэд тэдэнтэй улс төр ярих цаг завгүй байгаа нь бодит үнэн. Тойрогт ажиллахад иргэд салбар салбарын асуудлыг хөндөж байгаа. Хаврын чуулганаар эдгээр асуудлыг эрэмбэлээд хэрхэн шийдвэрлэж болох талаар чуулах үүрэгтэй УИХ-ын гишүүд баймаар юм. Гэтэл хуралдаа суухгүй гээд данхалзаж эхэллээ. Ер нь 126-тай парламентад АН бодлогын мэтгэлцээн хийж чадахгүй өдий хүрсэн нь бодит үнэн. Парламентын хугацаа талдаа орсон байхад төлөөлийн зарчмаа таг мартаад өөрсдийн эрх мэдэл, ул суурьгүй улстөржилтөд өөрсдийгөө хөтөлж эхэллээ.
Ийнхүү ямартай ч УИХ-ын дарга Н.Учрал энэ хавар улс төрийн, нам дотроо “ураг төрөл”-ийн “учрал” ихтэй байх нь ээ. Хэрхэн давах нь түүний ур чадвар гэхээс илүүтэй, парламентын эв нэгдлийн асуудал болох нь ойлгомжтой. Уг нь энэ парламент тойргийн туршлагатай гишүүдээс гадна, жагсаалтаар орж ирсэн салбар салбарын экспертүүд олонтой гэдгийг онцгой сайн “ашиглаж” чадвал сөрөг хүчнийг царайчлахгүй олонхыг бүрдүүлээд явах бүрэн боломжтой. Чуулганы завсарлагаанаас харвал УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүдэд салбарын хуулиудыг даатгаж, ажлын хэсгийг ахлуулж үүрэгжүүлээд байгаа харагдсан. Тэдний чадвар улс оронд яалтгүй хэрэгтэй. Н.Учрал дарга ч жагсаалтын “хэд”-тэйгээ учраа олоод явбал залуу хүмүүс олныхоо итгэлийг зүтгэлээр хариулах боломж бий дээ.
Б.Саруул





