“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-оос хэрэгжүүлсэн “ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ” нийгмийн зорилтот төсөл Говь-Алтай аймагт хэрэгжиж дуусчээ. Нийт 18 сум 2 тосгонд 29 хоногийн турш нийтдээ 5884 эмэгтэйд үзлэг, оношлогоо хийснээс гадна өсвөр үеийн хүүхдүүд болон сумдын иргэдэд лекц, сургалтуудыг давхцаагүй тоогоор 9000 гаруй хүнд хүргэсэн байна.



Монгол Улсын “Тогтвортой хөгжийн зорилт” /ТХЗ/-ын 5 дахь зорилго буюу “Жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулна” гэж заасан байдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан байдаг.


Дэлхий нийтээр 2030 он хүртэлх хугацааны ТХЗ-оо тодорхойлж охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийг хөвгүүд, эрэгтэйчүүдийн оролцоотойгоор устгана гэж уриалсныг Монгол Улс дэмжиж, хүлээн авсан. Тиймээс “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-оос санаачлан хэрэгжүүлж буй “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийн хүрээнд “Олон улсын охидын өдөр”-ийг тохиолдуулан 2022 оны 10-р сарын 12-ны өдөр 09.00-12.00 цагийн хооронд аймаг, нийслэл, сум, дүүргүүдээс төлөөлөл болгон 1000 охид, хөвгүүд оролцуулсан “НАНДИН” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээгээр үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг, цахим шилжилт болон дэлгэцийн хамаарлын талаар, эрүүл мэндийн боловсрол олгох, ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш тухай мэдлэг мэдээлэл олгох илтгэл, лекцүүд тавигдах юм байна.

“НАНДИН” чуулганд оролцохоор Говь-Алтай аймгийн сум бүрийн өсвөрийн төлөөллүүд Улаанбаатарт ирэх юм байна.
Нийгмийн зорилтот төслийн хүрээнд олон улсын “Охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тохмолдуулан 330 сумын дотуур байранд ”НАНДИН” хайрцагийг байршуулж эхэлжээ. Цаашдаа аймаг, нийслэлийн анги танхим бүрт энэхүү хайрагийг байршуулах юм байна.
