Өнгөрсөн онд Монгол Улсыг олон улсад сурталчлах “Go Mongolia” төслийн хүрээнд манай улс түүхэндээ анх удаа 800мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 1,6 тэрбум ам доллар буюу 5 ихнаяд орчим төгрөгийн орлогыг олж чадсан нь Монгол улс дан ганц уул уурхайн салбар бус бусад салбараа түшиглэн эдийн засгаа босгох боломж бий гэдгийг харуулсан.
Тэгвэл энэ онд үргэлжлүүлэх хэрэгжих “Go Mongolia” төслийн хүрээнд Дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчидтэй Trip.com групп-тэй Монгол улс хамтран ажиллах гэрээ байгуулж Trip.com платформ дээр Монгол Улсыг албан ёсоор сурталчилж эхэлжээ. Энэ талаар “Go Mongolia” төслийн удирдагч Монгол Улсын соёлын сайд Ч.Номин цахим хуудсандаа ийнхүү мэдээлэл оруулсан байна. “Дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчтэй, аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч платформын нэг Trip.com групптэй өнгөрсөн оны 9-р сард хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд “Go Mongolia” үндэсний брэндингийн дор Монголын нүүдлийн соёл, зан заншил, байгалийн үзэсгэлэнт тогтцыг БНСУ, Хонгконг, БНХАУ-ын хэрэглэгчдэд сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах чиглэлд хамтран ажиллахаар тогтсон юм. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд, Trip.com платформ дээр Монгол Улсыг албан ёсоор сурталчилж эхэллээ.
Монгол Улсын аялал жуулчлалыг Хятадын зах зээлд түгээх зорилгоор Weibo, WeChat зэрэг платформуудаар дамжуулан контентыг хэрэглэгчдэд хүргэж эхэллээ. Мөн энэхүү платформоор дамжуулан нислэгийн тийз болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд худалдан авах боломжтой болж байна. 2024 он Монгол Улсын 810 мянга гаруй жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт бөгөөд цаашид бид өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байна.”