Нүүр хуудасЯрилцлагаХар тамхи мансууруулах бодис хэрэглэснээс болж сүүлийн дөрвөн жилд өсвөр насны 14...

Хар тамхи мансууруулах бодис хэрэглэснээс болж сүүлийн дөрвөн жилд өсвөр насны 14 хүүхэд нас барж, 40 гаруй хүүхэд мөчөө тайруулсан байна

Хар тамхи гэдэг зүйлийг зөвхөн цагаан өнгийн нунтаг гэдгээр хөрөнгө ихтэй хүн хэрэглэдэг гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Эмийн санд зарагдаж байгаа хяналт сул жороор олгодоггүй сэтгэцэд нөлөөлж, мансууруулах үйлчилгээтэй эм ч байдаг гэнэ. Монгол улсад хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хэрэглээ өсвөр үеийнхний дунд ямар байгаа талаар асууж тодруулахаар Хар тамхитай тэмцэх газартай холбогдоход саналыг минь уриалгахан хүлээж авсан юм. Ингээд Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Батхуягтай ярилцлаа

Сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах төрлийн гэмт хэргүүд Монгол улсын аль бүс нутагт үйлдэгдэж байна вэ? 

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүд Дархан, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь гэсэн аймгуудад үйлдэгддэг байсан бол одоо бусад аймагт үйлдэгдэх нөхцөл бүрдсэн байна. Улаанбаатар хотын Хар тамхитай тэмцэх газар хяналт шалгалтаа сайжруулахтай давхцаад орон нутгаас хууль бусаар олж авч Улаанбаатар луу зарж борлуулах сүлжээ бий болж байна. Сүүлийн тохиолдол гэхэд найман этгээд Улаанбаатар хот руу зорчигч тээврийн авто машинаар нийлүүлж явуулсан тохиолдол бүртгэгдсэн. Уг эмийг зарж борлуулах эрхгүй, зөвшөөрөлгүй этгээдүүд үйлдсэн учраас Монгол улсын Эрүүгийн хуулийн 22.14 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна. 

Хүүхэд, өсвөр үеийнхэн хаанаас мэдээлэл авч хэрэглэж байна вэ? 

Хүүхдүүд нэгнээсээ буруу мэдээлэл авч байна, бусдыг даган дуурайж байна. Ялангуяа олны танил хүмүүс, уран бүтээлчид мансуурах асуудалд их холбогддог. Зарим уран бүтээл дээрээ мансууруулах бүтээгдэхүүнийг хэрэглэх олж авах аргыг заасан сурталчилсан уран бүтээл хийж байна. Үүнийг үзсэн хүүхэд залуучууд мансууруулах бодисын хэрэглээтэй болох нөхцөл байдал үүсэж байна. Мөн хүүхдэд хараа хяналт тавих ёстой эцэг эх, асран хамгаалагч нь өөрсдөө хар тамхины талаар мэдлэг байхгүй. Биднээс хол ангид, хөрөнгө мөнгөтэй хүн хэрэглэдэг гэж ойлгодог. Гэтэл манай улсад ургаж байгаа ургамал, олдоц эмийг хэрэглэж мансуурах боломж их байна. Цагдаагийн байгууллагад хүүхэд нь баригдаад явсны дараа ар гэрийнхэн нь мэддэг. 

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ? 

Мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдолд хүний нүүр царай, хэл ярианд өөрчлөлт ордог. Жишээлбэл, хүүхэн хараанд өөрчлөлт орох, хөлрөх, бөөлжих, суулгах, чичрэх гэх мэт шарталтын байдалтай болдог. Ямар бодис хэрэглэснээс хамаарч шинж тэмдэг өөр байдаг. Тайвшрах бодис хэрэглэсэн байлаа гэж үзэхэд удаан ярих, олон цагаар унтах, нойрмоглох шинж тэмдэг илэрнэ. Эсрэгээрээ сэтгэцийг идэвхтэй байдалд оруулдаг хий хөөрөлд автуулдаг бодис хэрэглэсэн тохиолдолд олон хоног хоол унд идэхгүй, унтахгүй, түргэн ярих, анхаарал ой тогтоолт өөрчлөгддөг, орон зайн мэдрэмж алдагдаж, хүний ярьсан зүйлийг ойлгохгүй, зан төрх догшин ширүүн болж хүнийг өрөвдөж хайрлах сэтгэлгүй болох шинж тэмдгүүд илэрдэг.

Эцэг эх асран хамгаалагч, багш нар хүүхдийн судсыг сайн ажиглах хэрэгтэй. Зүү тариурын ул мөр байна уу харах хэрэгтэй. Мөн цүнх, шүүгээ, эд зүйлсийг нь сайн үзэх хэрэгтэй. Янз бүрийн үнэртэй өвс, ургамал, нэр нь тодорхойгүй эм байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Энэ бодисуудыг хэрэглэхэд ашигладаг хэрэглүүрүүд байна уу гэдгийг хуульсан мөнгөн дэвсгэрт, түгжээтэй уут, усны савыг хоёр талд нь цоолсон, марк стикерийн зүйл ном, дэвтрийн завсар байна уу гэдгийг үзэх хэрэгтэй. Утасны кейс, иргэний үнэмлэх, виза карт дээр баримлын шавар шиг бор зүйлийг наасан байдаг нь нэг төрлийн мансууруулах бодис гэж ойлгож болно. Хүүхдийнхээ найз нөхөд, цахим хэрэглээг анхаарах хэрэгтэй. 

Энэ төрлийн бодисыг хэрэглэсэн тохиолдолд хаана, хэнд хандах вэ? 

Мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн тохиолдолд хар тамхитай тэмцэх төв, сэтгэцийн эрүүл мэндийн төвд хандаж болно. Хар тамхитай тэмцэх газарт хандсан тохиолдолд нэг удаагийн тестээр биологийн дээж авч, богино хугацаанд хэрэглэсэн үгүйг шалгана. Сайн дураараа хандахад хуулийн болон зөрчлийн хариуцлага хүлээлгэхгүй. Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх нэр хүндийн асуудал гээд улам нууснаар хүүхдээ хэрэглэгч донтогч болох нөхцөлийг бүрдүүлдэг. Аль болох эрт үед нь илрүүлсэн тохиолдолд донтолтын чиглэлийн эмчилгээнд хамруулна. Тиймээс айж ичилгүй цагдаагийн байгууллагад шалгуулах хэрэгтэй. 

Сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсний дараа эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрч чаддаг уу? 

Олон улсын судалгааг үзэхэд мансууруулах бодисын эмчилгээ 5%-ийн үр дүнтэй гэж үздэг. Манай улсад эмчилгээний стандарт  байхгүй байна. Зургаан сараас нэг жилийн хугацаанд эмчилгээ хийгддэг. Эмчилгээний асуудал тун хүнд. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх ажил нь чухал гэж НҮБ-ын мансууруулах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас анхааруулж байгаа. Нэгэнт донтолт үүссэн тохиолдолд эмчилгээ хэцүү гэдгийг анхааруулмаар байна. 

Энэ төрлийн гэмт хэрэг өнөөгийн байдлаар ямар байна вэ? 

2024 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6,5 хувиар өсөж, зөрчил 65 орчим хувиар өссөн. Зөрчил нэмэгдсэн шалтгаан “Хар тамхитай тэмцэх газар”-т зөрчлийг шалгах нэгж байгуулагдсан. Нэгж байгуулагдсанаар улсын хэмжээнд мансууруулах бодис хэрэглэсэн этгээдүүдийг олж илрүүлэх хариуцлага тооцох ажил идэвхэжсэн. Манай улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 70 орчим хувь нь Монгол улсад ургаж байгаа мансууруулах бодисын ургамлыг түүж бэлтгэх, зарж борлуулахтай холбоотой гэмт хэрэг бүртгэгдэж, үлдсэн 30 хувь нь хилээр орж ирж байгаа синтетик төрлийн химийн гаралтай бодисыг зарж борлуулж буй гэмт хэргүүд эзэлж байна.  Үүнээс гадна эмчийн энгийн жороор олгодог эмийг урвуулан ашиглаж мансуурах тохиолдол маш их бүртгэгдэж байна. 2020 оноос буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 14 өсвөр насныхан, залуучууд амь насаа алдаж, 40 гаран хүүхэд залуучууд гар, хуруугаа тайруулсан харамсалтай тоо мэдээлэл байна.

Уг гэмт хэрэг Улаанбаатар хотод анх бүртгэгдэж байсан бол одоо 11 аймагт бүртгэгдэж байна. Хүүхэд залуучууд уг эмийг олоход амархан учраас хэрэглэх, зарж борлуулж байна. Үүний гол шалтгаан нь эмч нар болон эмийн сангийн ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болж үйлдэгдэж байна гэж харж байна. Энэ байдлыг таслан зогсоох зорилгоор “Хар тамхитай тэмцэх газар”- аас Эрүүл мэндийн яаманд нийт дөрвөн удаа энэ эмийг Монгол улсад ашиглахыг хориглох, зарж борлуулахыг хориглох мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад оруулж хатуу хяналттай болгох саналыг хүргүүлсэн ч эргээд бидэнд хариу ирээгүй. Сүүлийн тохиолдолд Говьсүмбэр аймагт нэг иргэн нас барсан тохиолдол гарсан. Цаашид хүүхэд, залуучуудын амь нас эрүүл мэндэд хохирол учруулахгүйн тулд мансууруулах эмийн жагсаалтад авах эсвэл Монгол улсад худалдан борлуулах, ашиглахыг хориглох шийдвэр гаргах хэрэгтэй

Ярилцсанд баярлалаа

К.Золзаяа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН