Нүүр хуудасМэдээХЗБХ: Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг...

ХЗБХ: Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.11.22/ хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 02 дугаар тогтоолоор Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар болон ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох байгууллагын албан тушаалтнууд ажиллаж байна.

Ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, 06 дугаар сарын 23-ны өдөр тус тус хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан бөгөөд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 8 санал, найруулгын 4 санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн 1 саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

УИХ-ын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Монгол Улсын Засгийн газраас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8-д заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагын хүрээнд ажлын хэсэг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн талаар дараах санал, дүгнэлтийг Байнгын хороонд танилцуулж байна гэлээ. Ажлын хэсгээс:

-Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг төслөөс хасах;

-төслийн нэр томьёог төслийн зүйл, хэсэг, заалт хооронд болон холбогдох бусад хуулийн нэр томьёотой нийцүүлэх;

-хуулийн төслөөс Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг хасах санал гаргасантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль хүчингүй болсонд болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Шилэн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачилагчид нь буцаах гэсэн саналыг танилцуулсан.

Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй дөрөв, найруулгын нэг санал, хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой 10 саналаар тус тус санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар Байнгын хорооны тогтоол баталж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулан байгууллаа хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН