Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.10.25) хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан нар ажиллана.
Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулав.
Эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлаж иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үе шаттайгаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа гэв. Үүний үр дүнд улсын эдийн засаг сайжирч, улмаар урт хугацааны хөгжлийн эхний арван жилийн зорилт болох Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрджээ.
Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилтын нэг болох “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх 2024 оны төсвийн төсөлд тусгасан байна. Үргэлжлүүлэн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд ирэх оны төсвийн төсөлд Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр тусгасан арга хэмжээг танилцууллаа.
Төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлж, тэдэнд орон нутгийн нэмэгдэл олгохоор зардлыг тооцож тусгажээ. Мөн хууль сахиулах байгууллагын үүрэг гүйцэтгэх бэлэн байдал болон аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх, офицер, ахлагч, хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдыг дүрэмт хувцас, хэрэглэлээр хангах, хоол хүнс, шатах тослох материал, хээрийн дадлага, сургуулилалт, машин, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон шаардлагатай зардлыг холбогдох хууль, тогтоомж, эрх зүйн актуудад заасны дагуу хуваарилахаар холбогдох зардлуудыг төсөвлөсөн гэв.
Хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд агаарын замын хил-Дэглий-цагаан, авто замын хилийн боомт-Цагаан дэл уул, Бичигт, Боршоо, Бургастай, Алтанбулаг, Замын-Үүд, төмөр замын хилийн боомт Шивээхүрэн, Гашуунсухайтын орон тоо, холбогдох төсвийг тусгажээ. Орон нутгийн шүүхийн шинжилгээний байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа алба хаагчид 5 жил тутамд нэг удаа 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох болон шинжилгээний лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай зардлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзжээ. Монгол Улсын иргэдэд олгох иргэний үнэмлэх хэвлэх болон гадаад паспортын бэлдэц бэлтгэхэд шаардлагатай зардлыг нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан байна. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан, ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүхийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй ажиллах нөхцөлөөр хангахад шаардлагатай орон тоо, урсгал зардлыг тусгажээ. Түүнчлэн прокурор, авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаа болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлж, хөгжүүлэх зэрэг арга хэмжээний зардлыг тооцож тусгасан гэлээ.
2024 оны төсөв, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувь болж, төсвийн тусгай шаардлага хангагдаж байгаа хэмээн Н.Учрал сайд тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг хуралдаанд танилцуулав. Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр боловсруулж, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулан эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн эсэхийг 7 зорилтын хүрээнд хянаж, үнэлэхэд аудитын зорилго чиглэсэн байна. Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагуудад нийцсэн гэж дүгнэжээ. Үргэлжлүүлэн тэрбээр төсвийн төсөлд Хууль зүйн байнгын хороонд хамаарах Төсвийн ерөнхийлөн захирагчид болох Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Авлигатай тэмцэх газрын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга нарын төсвийн төлөвлөлтийг дэлгэрэнгүй танилцуулсан. Төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зардлын дүн 2023 оны тодотгосон төсвөөс 275.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 1,767.5 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн нь Засгийн газраас 2024 онд нийт албан хаагчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд улсын хилийг шалгах Монгол-Оросын хамтарсан ажлын хэсгийн зардлыг төсөвлөсөн, улсын хил дээр алба хааж байгаа хилчний гэр бүлийн гишүүнд ажилгүй байгаа хугацааны тэтгэмж олгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг тусгасантай холбоотой юм байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилттой нийцэж буй ч Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээнээс Хууль зүй, дотоод хэргийн сайд 2 арга хэмжээг тусгаагүй байна.
Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2024 оны төсвийн багцад нийт 212.6 тэрбум төгрөгийн 41 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 177.5 тэрбум төгрөгийн 28 төсөл, арга хэмжээ тусгагдсан, 35.2 тэрбум төгрөгийн 13 төсөл, арга хэмжээ тусгагдаагүй байна.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулж, бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай Төрийн аудитын байгууллагаас өгч буй 6 зөвлөмжийг танилцууллаа.
Төсвийн төслийн танилцуулга болон Төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны гишүүд хууль санаачлагч болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авсан. Ийнхүү Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийгээд, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Дараа нь Засгийн газраас 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор, Иргэний Болон Улс Төрийн Эрхийн Тухай Олон Улсын Пакт болон Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэлд тусгасан дүгнэлт, зөвлөмжид нийцүүлж, Улсын дээд шүүхээс ирүүлсэн саналыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж хуулийн төслийг боловсруулжээ.
Шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явуулсан судалгааг сүүлийн 3 жилийн байдлаар судалж үзэхэд 2020 онд 793 буюу 99.3 хувь, 2021 онд 809 буюу 98.5 хувь, 2022 онд 1075 буюу 99.7 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явагдсан байна. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь удаагийн илтгэл болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд тодорхой дурджээ.
Ийнхүү сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж буй өнөөгийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсад баривчлах ажиллагаа үндсэндээ шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна хэмээн Б.Энхбаяр сайд танилцуулгадаа дурдав.
Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан үндэслэлүүдийг 2020, 2021, 2022 оны байдлаар авч үзвэл, нийт баривчлах ажиллагааны 60-аас дээш хувийг “хойшлуулшгүй тохиолдолд” гэсэн үндэслэлээр баривчилсан байна. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлаад үргэлжлүүлэн цагдан хорьсон тохиолдол 2020 онд 448 буюу 56.4 хувь, 2021 онд 496 буюу 61.3 хувь, 2022 онд 595 буюу 55.5 хувийг тус тус эзэлж байгаа гэв. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан сэжигтний 42.1 орчим хувийг 24-48 цаг хорьсны дараа суллажээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг улам бүр баталгаажуулах, Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, түүнчлэн дээрх практик хэрэгцээ, шаардлагыг харгалзан хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгажээ.
Сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, сэжигтнийг баривчлах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах журам, тухайлбал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндсэн болон сунгах хугацааг багасгах, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангах журмыг тодорхой болгох, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгохтой холбоотой өөрчлөлтийг төсөлд тусгасан байна.
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан Ард нийтийн санал асуулга хууль бусаар явуулах, Улсын онц чухал обьект, онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцох өөрчлөлттэй уялдуулан хэргийн харьяаллыг тогтоох өөрчлөлт, хүндрүүлэх нөхцөл байдалтай залилах гэмт хэргийн цагдан хорих хугацааг шаардлагатай бол сунгахтай холбоотой өөрчлөлтийг төсөлд тусгажээ. Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг тодорхой болгох, гомдол гаргахтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай хэмээн үзэж холбогдох өөрчлөлтийг төсөлд тусгажээ. Сонгуулийн хэргийг хянан шийдвэрлэх харьяаллыг цагдаагийн байгууллагад хамааруулах, цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэргээс зарим хэргийг хасах, тухайлбал, цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрөх хэрэгт хүнийг алах; хүчиндэх; үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг; авлигын гэмэт хэрэг; хүн төрөлхтний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэг; мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах гэмт хэргүүдийг хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнийг хамааруулж, хулгайлах, мал хулгайлах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэргийн зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнээс бусад гэмт хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглохоор хуулийн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эцсийн арга хэмжээ болгон хэрэглэхэд шууд нөлөөлөх нэг хүчин зүйл нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэглээг нэмэгдүүлэх, уг арга хэмжээнд тавих техникийн хяналтыг сайжруулах явдал бөгөөд энэхүү хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналттай холбоотой нэмэлтийг дагалдуулан боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан хүндрэл бэрхшээл арилж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрх улам бүр баталгаажиж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцнэ хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилсан сэргийлэх эрх зүйн орчин боловсронгуй болсноор хүний эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээн эдлүүлэх ажлын үр дүн дээшилж, Үндсэн хуульд заасан “хууль зүйн туслалцаа авах” эрх улам бүр баталгаажна хэмээн төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Түүнчлэн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 60 хувь нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн дөрөв дэх асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх байв. Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав.
Харьцангуй тодорхой эрх зүйн маргаанаас үүдэлтэй, бага үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн онцлогт тохирсон нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх ажиллагааг хялбаршуулж, энгийн болгосон, давж заалдах, хяналтын журмаар хандах хугацааг богиносгох замаар шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлэх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны тусгайлсан төрлийг бий болгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.
“Бага үнийн дүнтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэж буй шүүхийн практикт хийсэн дүн шинжилгээ” сэдэвт судалгааны бүтээлд бага үнийн дүнг 13,000,000 төгрөгөөр тооцсон байх бөгөөд 2019 онд 43,397 иргэний хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнээс 20,624 буюу дунжаар 48 хувь нь иргэний эрх зүйн маргаан байсан бол үүнээс бага үнийн дүн (13,000,000 төгрөгөөс доош)-тэй хэрэг 5,710 байсан нь улсын хэмжээний дүнд 13 хувийг эзэлж байна. Түүнчлэн бага үнийн дүнтэй иргэний хэрэг 2018 онд 5,411 шийдвэрлэгдсэн бол 2019 онд 5,710 болж 299-өөр буюу 5.3 хувиар өсжээ.
Бага үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлагад тохирсон хэрэг хянан шийдвэрлэх үр дүнтэй боловч хялбар журмыг тусгах бөгөөд энэхүү ажиллагаа гагцхүү мөнгөн дүнд хязгаарлагдсан мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад үйлчилнэ. Энэхүү мөнгөн хөрөнгийн дүнг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоож, 6 төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Мөнгөн хөрөнгийн хэмжээ нь 2023 оны байдлаар 11,000,000 төгрөг (550,000*20)-тэй тэнцэх юм байна. Харин гэр бүлийн харилцаанаас үүсэх бүх төрлийн маргааныг тусгайлсан журмаар зохицуулахгүй байхаар төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Түүнчлэн тус ажиллагааг аль болох богино хугацаанд, хэргийн оролцогчийг чирэгдүүлэлгүй, хүндрэл багатай явуулахын зэрэгцээ тэдгээрийн эрх ашгийг дордуулахгүй, хэргээ шударгаар шүүлгэх боломжоор хангагдсан байх, шүүхийн хүртээмжийг үр дүнтэйгээр нэмэгдүүлэх зорилготой тул тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэх хэргийн төрлийг маргаантай эрх зүйн харилцаагаар нь хязгаарлана. Тухайлбал, нэхэмжлэлийн шаардлагад бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг гаргуулах, цахилгаан, дулаан, утсан харилцаа, үүрэн холбоо, интернэт зэрэг тогтмол төлбөрийн харилцаа үүсгэсэн хэрэглэгчийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах, хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн төрөлтэй байхаар хуулийн төсөлд тусгажээ.
Мөн бага үнийн дүнтэй хэргийг шүүхэд тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх зарчмыг тодорхойлж, тусгайлсан журмыг тогтооно. Тухайлбал, бага үнийн дүнтэй хэргийг нэг удаагийн шүүх хурлаар шийдвэрлэх, шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэх, нэхэмжлэл гардуулах, нотлох баримт шинжлэн судлах, гэрч асуух зэрэг үйл ажиллагааг явуулах тусгайлсан журмыг хуулийн төсөлд тусгасан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын дээрх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Б.Энхбаяр сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа. Мөн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжснээр энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов