Нүүр хуудасМэдээХЗБХ: Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн...

ХЗБХ: Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.09.29) хуралдаан 12 цаг 57 минутад гишүүдийн 56 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтов.

Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр хуралдаан эхэллээ.

Төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, төрийн албаны реформын хүрээнд багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж буйтай холбоотойгоор шүүх болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд үүсэж буй нөхцөл байдал, үүдэх үр дагаварын талаар тодруулав.

Үндсэн хууль дахь шүүх үйл ажиллагааг хэвийн явуулах эдийн засгийн баталгааг хангах зарчмыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг хариултынхаа эхэнд дурдаад, ирэх жилийн төсөв 2025 оны батлагдсан төсвөөс 29.8 хувиар буурсан. Урсгал зардал 13.2 хувь, 2025 оны тодотголоос 16.2 хувь, Хууль зүйн байнгын хорооны хянасан төсвийн төслөөс 60 хувь буурч төлөвлөгдсөн гэдэг тооцоолол танилцууллаа. Мөн шүүгчийн орон тоо 699 хэдий ч 517 шүүгч ажиллаж байгаагаас нэг шүүгчид оногдох ачаалал харьцангуй өндөр учраас зохих урамшууллыг олгодог болсон талаар тайлбарлав. Шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс удаа дараа зохион байгуулсан ч бүр орон тоог бүрэн нөхөж чадахгүй байгаа шалтгааныг Н.Мөнгөнцэцэг дарга дэлгэрэнгүй тайлбарлаад “Бид есөн удаагийн сонгон шалгаруулалтын үр дүнд 117 шүүгчийг томилсон. Энэ онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа. Шинээр томилогдох Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулалттай холбоотой бодлогын өөрчлөлт хийж, одоо байгаа сул орон тоог нөхөх бол төлөвлөгдөж буй төслийн хүрээнд хэрэгжүүлэх боломжгүй” гэлээ. Батлагдсан бодлогын баримт бичгийн дагуу нийтдээ 136 орон тоог цомхотгох тооцоолол гарч байгаа, харин Монгол Улсын шүүхийн тухай хууль болон холбогдох журам, зохицуулалтын хүрээнд төрийн захиргааны 20, төрийн үйлчилгээний 80 гаруй орон тоог цомхотгох боломжтой байгаа талаар танилцуулсан.

Л.Мөнхбаатар сайд П.Сайнзориг гишүүний асуултад хариулахдаа “Манай салбарын хэмжээнд 1000 орон тоо буюу 97.2 тэрбум төгрөгийн урсгал зардал хэмнэгдэх тооцоололтой. Хөрөнгө оруулалтын зардлаас 3.8 тэрбум төгрөг хасагдсан. Нийтдээ 101 тэрбум төгрөгийн зардал хасагдсан.  1000 орон тоо гэдэг салбарын хувьд том орон зай, гэхдээ эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад төсөвт хэмнэлт хийх  бодлогын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна” гэлээ. Цаашид байгаа хүчин чадлынхаа хэрээр салбарын хэмжээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын төлөө ажиллах хэдий ч шинэ чиг үүрэг Хар тамхитай тэмцэх газар байгуулсан, тодорхой обьектуудыг шинээр хамгаалалтад авах гэх зэрэг үүрэг, чиглэл, бүтэц нэмэгдэхэд хүндрэл үүсэх эрсдэлтэй талаар хэлж байв.

Ийнхүү Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авав. Байнгын хорооны гишүүд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Дараа нь Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Байнгын хорооны хуралдаанд гишүүд тухайн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлнэ” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, холбогдох талуудаас хариулт, тайлбар авав.

Хөрөнгө оруулалтын зардлын эрэмбийн талаарх асуултад Л.Мөнхбаарат сайд хариулахдаа “Ирэх жилийн төсөвт он дамнасан есөн барилгыг үргэлжлүүлэх хөрөнгө оруулалтад 13.7 тэрбум төгрөг, шинээр эхлэх 12 төсөлд 27.7 тэрбум төгрөг, их засварт 2.5 тэрбум төгрөг төлөвлөсөн. Он дамнан шилжиж буй барилгуудыг дуусгах бодлого баримталж байна. Шинээр хэрэгжих төслүүд нэн тэргүүнд Сангийн яамнаас тавьж буй шаардлагыг хангасан эсэх, орон нутгаас ирүүлсэн саналыг үндэслэхийн сацуу байгууллагаас нь эрэмбэлэн ирүүлсэн үндэслэл, шаардлагатай яам танилцсан” гэлээ. Хуулийн салбарын ажлын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох шаардлага, нөхцөл байдлын талаарх асуултад сайд хариулахдаа “Сайжруулах шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Улсын Их Хурлаас байгуулагдсан холбогдох ажлын хэсэгтэй салбарын хэмжээнд нягт хамтран ажиллах болно” гэсэн. Л.Мөнхбаатар сайд, салбарын хэмжээнд төсвийг хүртээмжтэй төлөвлөж, үр ашигтай зарцуулахын тулд байгууллага бүр дээр процессын дахин инженерчлэл хийхээр төлөвлөж, цагдаагийг байгууллагуудад хийсэн талаараа дурдаж байсане Хүний эрхийн Үндэсний Комиссын төсөв төсөлд өнгөрсөн оныхоос буурч төлөвлөгдөж байгаагийн үр дагаварын талаар Комиссын дарга Д.Сүнжид хариулт өгөв. Тус Комиссын урсгал зардлын төсөв 12.1 тэрбум төгрөгөөр батлагдсан бол 2026 оны төсвийн төсөлд үүнээс 2.6 тэрбум төгрөгөөр буурч тусгагдсан байгаа аж. Үүний улмаас судалгаа, дүн шинжилгээ хийлгэх, бусдаар гүйцэтгүүлэх ажил, сургалт нөлөөллийн ажлыг гүйцэтгэх төсөвгүй болж байгаа гэдэг тайлбарыг өгөв. Түүнчлэн томилолтын зардал буурах, эд хогшил, байрны түрээсийн зардалд өр үүсэх тооцооллыг мөн тайлбарласан. Хүний эрхийн Үндэсний Комисс нь долоон хуулиар, 20 төрлийн чиг үүрэг хүлээсэн байдгаас дээрх хэмжээгээр урсгал зардлыг бууруулах тохиолдолд дээрх гурван төрлийн чиг үүргийн гүйцэтгэлд доголдол үүснэ гэлээ.

Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг 2026 оноос байгуулахтай холбоотой төсвийг хэрхэн тусгасан талаарх гишүүдийн асуултад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг хариулахдаа “Гэр бүлийн шүүхэд бол нийт 49 шүүгч, 138 захиргааны ажилтан ажиллана. Хууль ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих тул бид холбогдох бэлтгэлийг ханган ажиллаж байна. Тус шүүхийг батлагдсан төсвийн хүрээнд хүмүүсийн орон тоо, цалинг тусгаад ажиллаж байна” гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаа нь эцэстээ хүний эрхийг хангах, хамгаалахтай холбогддог учраас байгууллагуудын төсвийг нэмэгдүүлэх, төлөвлөснөөс бууруулахгүй байх чиглэлд өнгөрсөн жилүүдэд ихээхэн чармайлт гарган ажиллаж ирснийг гишүүд тэмдэглээд төсвийн хэмнэлтийн бодлого байгууллагуудын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй чиг үүргийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлөх талаар тодруулж, нэрбүрчлэн хариулт авсан юм. Салбар бүрд хүний нөөцийн дутагдалтай байдаг, батлагдсан орон тоогоо бүрэн нөхөж чадаагүй байхад дахин орон тоо цомхотгох болж байгаа нь нэг ажилтанд оногдох ажлын ачаалал нэмэгдэх, улмаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд хүндрэл үүсгэх эрсдэлэтэй байгааг ажлын хэсгээс хэлж, Сангийн яам тухайн бодлогыг хэрэгжүүлэх шаардлага, аргачлал, нөхцөл байдал, холбогдох тайлбар, мэдээллийг өгч байв. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн үйл ажиллагааг үндсэн зорилгынх нь дагуу, хувийн хэвшлийн санаачилгыг дэмжиж, хэвийн явуулах нөхцөлийг бууруулсан шийдвэрийг П.Сайнзориг гишүүн шүүмжилж, энэ сангийн үйл ажиллагааг эрчимжүүлснээр гарах эерэг үр дагаварыг дурдан, зарчмаа мөрдөж ажиллахыг сануулж байв. Төсвийн хэмнэлтийн бодлогыг тэгшитгэн, онцлог ялгааг харгалзахгүйгээр салбар бүрд ижил хэлбэрээр, дүн шинжилгээ хийхгүйгээр хэрэгжүүлэх нь олон эрсдэл, сөрөг үр дагавар үүсгэнэ гэдгийг хэлж байсан.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, П.Сайнзориг, О.Алтангэрэл, Л.Мөнхбаатар, Дам.Цогтбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Хууль зүйн салбарын төсөв, хөрөнгө оруулалт нь хууль зүйн салбарын төсөв нь монгол хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, монгол хүний амар амгалан байдлыг хамгаалахтай шууд холбоотой учраас нягтлан, салбар бүрийг ялгаж, бодлоготойгоор шийдвэрлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байсан.

Ийнхүү Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН