Нүүр хуудасМэдээХЗБХ, ХХНББХ: Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль...

ХЗБХ, ХХНББХ: Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцжээ

Улсын Их Хурлын Хууль зүйн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороод өнөөдөр (2025.12.30) хамтран хуралдаж, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг хэлэлцлээ. Байнгын хороодын хамтарсан хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, О.Батнайрамдал, Д.Бум-Очир, Г.Дамдинням, Б.Найдалаа, П.Сайнзориг, М.Сарнай, Г.Уянгахишиг, Дав.Цогтбаатар, М.Энхцэцэг, А.Ариунзаяа, Э.Батшугар, Ж.Галбадрах, С.Зулпхар, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Г.Хосбаяр, Л.Энхнасан, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, А.Ганбаатар, Д.Мөнхсайхан, Д.Рэгдэл, О.Саранчулуун, Х.Тэмүүжин, Б.Хэрлэн, Д.Энхтуяа нар хүрэлцэн ирснээр 54.5 хувийн ирцтэй хуралдав. Хамтарсан хуралдааныг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа даргалан явууллаа.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг Байнгын хороодын хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулсан юм. Манай улс 2024 онд Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр 145 улсаас 85 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 148 улсаас 65 дугаарт эрэмбэлэгдэж 20 байраар урагшилжээ. Боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлт тогтвортой, ахицтай гарсны зэрэгцээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоогоор 120 дугаар байрнаас 99, ажиллах хүчний оролцоогоор 43 дугаар байрнаас 20 дугаарт эрэмбэлэгдэж, ахиц дэвшилтэй гэж үнэлэгдсэн байна. Дэлхийн эдийн засгийн форумаас жил болгон гаргадаг уг индексийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт онцлон танилцуулаад, Олон Улсын Парламентын холбооноос гаргадаг “Парламент дахь эмэгтэйчүүд” үзүүлэлтээр дэлхийн 190 улсаас 98 дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх жилээс 30 байраар ахисныг дурдаж, эмэгтэйчүүдийн бизнесийн болон хууль, эрх зүйн орчны үзүүлэлтээр дэлхийн болон бүс нутгийн дунджаас дээгүүр дүгнүүлээд байгааг тэрбээр тэмдэглэлээ.

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван эмэгтэй сайд ажиллаж байгаа бөгөөд нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга, мөн зургаан агентлагийн дарга, яамдын газар, хэлтэс, 80 агентлагийн хэлтэс, нэгжийг 192 эмэгтэй удирдаж буй бол нутгийн захиргааны байгууллагын улс төрийн томилогдох албан тушаал болох Засаг дарга, Засаг даргын орлогчийн албан тушаалд дөрвөн дүүрэг, хоёр сум, 27 хороонд нийт 74 эмэгтэй томилогдон ажиллаж байна. Энэ тоон дүн өмнөх жилүүдээс илт ахисан бодит үр дүн боловч нийгэм, улс төр, эдийн засаг, төрийн алба зэрэг бүхий л салбарт жендэрийн тэгш бус байдал оршсоор байгааг сайд С.Бямбацогт онцоллоо. Тухайлбал, Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд ажиллах хүчнээс гадуурх хүн амын 62 хувийг бүрдүүлж, хөдөлмөрийн оролцооны түвшин 2003 онтой харьцуулахад 10.3 хувиар буурч, эрэгтэйчүүдээс 16.2 хувиар бага болжээ. Мөн эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдийнхээс 2023 онд 21.4 хувь, 2024 онд 19.4 хувиар доогуур байгаа бол өрх толгойлсон гэр бүлийн 86 хувь нь эмэгтэй, 13 хувь нь эрэгтэй тэргүүнтэй гэр бүл байна. Их, дээд сургуульд суралцагчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, бакалаврын түвшинд суралцагчдын 38,6 хувь нь сургууль завсардсан болон завсардах магадлалтай оюутнуудын 72 хувь нь эрэгтэйчүүд байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын дурдсан нэг ноцтой тоо баримт бол гэмт хэргийн статистик байлаа. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг улсын дүнгээр 25 нэгжээр буурсан ч нийт гэмт хэрэг, зөрчил 2024 онд өсөж, үүний дотор 16 ба түүнээс дээш насны 10 мянган хүнд ноогдох бүртгэгдсэн гэмт хэрэг 25.6 хувиар, үүний дотор хүнд гэмт хэрэг 43.5 хувиар нэмэгджээ. Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг улсын дүнгээр 119 нэгжээр, үүнд хүчиндэх гэмт хэрэг 16.7 хувиар өссөн нь анхаарах асуудал болоод байгааг тэрбээр онцгойлон дурдав. Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг сүүлийн таван жилд тогтмол өссөн, үүнд 14 насанд хүрээгүй буюу бага насны хүүхэд хохирогч болох тохиолдол байсаар байгааг тэрбээр анхааруулж, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх малчдын мэдлэг, ойлголт хангалтгүй байгааг мөнхүү онцолсон юм.

Засгийн газрын тайланд жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог хөгжүүлэх бодлого, үйл ажиллагаа болон жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт 70 хувийн хэрэгжилттэй буюу үр дүнтэй, хөдөөгийн охид, эмэгтэйчүүд, залуу малчдын жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт 30 хувь буюу үр дүнгүй, статистик, дүн шинжилгээ мэдээлэл, судалгаа 50 хувьтай буюу үр дүн хүлээгдэж байгаа гэсэн үнэлгээтэйгээр боловсруулсан байна. Бүхэлдээ жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, бодлого төлөвлөлтийн хэрэгжилтийн дундаж үнэлгээ 55 хувь буюу зарим ахиц дэвшил гарсан гэсэн дүгнэлтийг хийжээ. Иймд цаашид үр дүнд суурилсан төлөвлөлт, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх туршлага, чадавхыг бүх түвшинд нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг ахиулах, бүх талын оролцоо, манлайлал, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж буйг сайд С.Бямбацогт танилцуулав. Үүний тулд Засгийн газраас жендэрийн хариуцлагатай бодлого, төлөвлөлтийн эрх зүй бодлогын орчны дэмжлэгийг ахиулах, үндэсний тогтолцооны тогтвортой байдал, чадавх, мэдлэг болон хамтын ажиллагааг сайжруулах, бодлогын чиглэл, арга хэмжээг илүү үр нөлөөтэй төлөвлөх, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх стратегийг баримтлан ажиллахаар төлөвлөжээ.

Засгийн газрын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Энхтуяа, П.Сайнзориг, Л.Энхнасан, О.Саранчулуун, Ц.Сандаг-Очир, Х.Баасанжаргал, Б.Хэрлэн, хуралдааныг даргалан явуулсан Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа нар асуулт асууж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт болон Жендэрийн үндэсний хороо, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсролын, Эрүүл мэндийн яамдын холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, асрахуйн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлэх, хувилбарт асрах үйлчилгээг нэвтрүүлэх, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэх, тэдний энэ талаарх дадал, хэвшлийг сайжруулах зорилт, үйл ажиллагаа, түүний үр дүн болон ганц бие залуучууд, аавуудад чиглэсэн бодлого, энэ талаарх салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа, жендэрийн тэгш байдлын тухай боловсролыг сургалтын ямар хөтөлбөр, хичээлээр олгож буй, багшлах боловсон хүчний хүрэлцээ, чадавх болон гэр бүл салалт, амиа хорлолтын учир шалтгааны талаарх тандан судалгаа, хорт зуршлаас хүн амыг хамгаалах, сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулах, хувь хүний хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Түүнчлэн хууль, бодлогын хэрэгжилтийг бүх шатанд хангах, иргэний нийгмийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах, хүүхдийн хүмүүжил гэр бүл, эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх, хүчийн тэгш бус байдлын талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөх, монгол гэр бүлийн бүтцэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг арилгах, хөдөлмөрийн үнэлгээ, цалин хөлсний тарифт гарч буй зөрүү, ялгааг арилгах, хүн ам зүйн бодлогыг шинэчлэх, үндэсний уламжлал соёл, дэвшилтэт хандлагыг өвлөн хөгжүүлэх зэрэг асуудлаар тодорхой байр суурь илэрхийлсэн юм.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Д.Рэгдэл нар үг хэлж, боловсрол, сургалтын хөтөлбөрт жендэрийн эрх тэгш байдлын тухай агуулгыг оруулж, энэ талаарх мэдлэг, чиг хандлагыг өөр ёс заншил, шашин шүтлэгтэй улс орнуудаас бус өөрийн орны үндэсний уламжлал, эмэгтэйчүүдээ хайрлан хамгаалж, тахин шүтдэг соёл заншлаас авч, өвлөн үргэлжлүүлэх, ингэхдээ хэвшмэл ойлголтыг өөрчлөн сайжруулах, хөдөөгийн залуусын ахуй амьдралын талаар иж бүрэн судалж, тулгамдаж буй асуудлуудын шийдлийг олох, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдлыг арилгахад бодлого, үйл ажиллагааг бүхий л салбар, хүрээ хамруулан иж бүрнээр төлөвлөж, хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн Байнгын хорооны дарга Б.Найдалаа үндэсний онцлогтоо тулгаарласан ялгаатай бодлого, аргачлал боловсруулж хэрэгжүүлэх, түүнийгээ олон улсад сурталчлан таниулах, Монголын нийгэмд жендэрийн асуудал байгаа эсэхийг нарийвчлан судалж, тодорхойлон, тулгамдаж буй асуудлыг зөв өнцгөөр харж, ач холбогдлыг алдагдуулахгүйгээр авч үздэг байх нь чухал болж байгааг анхааруулав.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх шаардлагагүй гэж Хууль зүйн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаар тогтлоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН