Бүгд Найрамдах Польш Улсыг гуравдагч хөрш, дотно түншээ гэж үздэг. Ардчилал, хүний эрх, сайн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлстэй. Энэ нь манай хоёр орны харилцааны үндсэн гол тулгуур гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд онцоллоо.
Тэрээр Энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн багийг илгээхэд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаагаа дурдаад, энэ хүрээнд Польшийн Келце хотын Гадаад ажиллагааны цэргийн сургалтын төвд Монголын цэргийн албан хаагчдад зориулсан англи хэлний болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн алба хаагчдыг бэлтгэх тусгай сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн Польш Улс, Монгол Улсын боловсон хүчнийг сургахад байнга дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, Польшид суралцаж буй Монгол оюутны тоог тогтвортой нэмэгдүүлэх, ялангуяа цагдаагийн байгууллага, хил хамгаалах, шүүх шинжилгээний байгууллагын албан хаагчдыг сургах боломжийг олгоход анхаарал хандуулахыг хүслээ.
Түүнчлэн хил хамгааллын дрон, дрон эсэргүүцэх тоног төхөөрөмж Польш Улсын хөнгөлөлттэй зээлээр авах боломж, Монгол Улсад хил хамгаалал иргэний зориулалттай дроны хамтарсан үйлдвэр байгуулах чиглэлд хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Бүгд Найрамдах Польш улсын Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын тавьсан хүсэлтийг уламжилж, тус салбарт 2 орны хатмарсан төсөл хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллана гэдгээ илэрхийллээ.
