Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Эрх зүйн шинэтгэл II” хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох зорилгын хүрээнд “Хувийн эрх зүйн шинэтгэл, цаашдын чиг хандлага, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг “Монгол Улсын хувийн эрх зүйн шинэтгэл, тулгамдаж буй зарим асуудал”, МУИС-ийн ХЗС-ийн захирал доктор (LL.D), профессор Б.Амарсанаа “Монгол Улс дахь хувийн эрх зүйн өөрчлөлтийн ойрын болон дунд хугацааны динамик: төсөөлөл ба тулгамдсан асуудал”, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн шинжээч О.Оюунзул “Хувийн эрх зүйн шинэтгэл, цаашдын чиг хандлага”, Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны гишүүн, хуульч Д.Ганхүрэл “Иргэний эрх зүйн онолын чиг хандлага ба Монгол Улсын иргэний эрх зүй”, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Мөнхбат “Иргэний хуулийн суурь зарчим, түүний шинэтгэлүүдийн дижиталчлал” сэдэвт илтгэлийг тус тус хэлэлцүүлж, оролцогчид санал солилцлоо.
