Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зүйлийн 43.5 дах хэсэгт “Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний зааврыг эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан.

Энэхүү хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны А/10 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн ээлжит хурал 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр болж Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сүрьеэ судлалын салбар зөвлөл, Хавдар судлалын салбар зөвлөл, Нүдний салбар зөвлөлийн боловсруулсан зааврын төслийг хэлэлцлээ.

Тус хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөл, Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын зөвлөл, магадлагч эмч, Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын төрөлжсөн мэргэжлийн эмч нар, ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
