Уулзалтын үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа БНЭУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гар, хөлийн протез хийх ажлыг хамтран хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ.
Энэ оны гуравдугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамд буцалтгүй тусламжаар манай улсын 600 иргэнд гар, хөлийн протез хийх ажлыг зохион байгуулахаар “Хамтран ажиллах баримт бичиг”-т гарын үсэг зурсан.
Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд протез хийлгэх иргэдийн нэрийг гаргах, ажлын байр, хүлээлгийн өрөө бэлтгэх зэрэг бэлтгэл ажлыг хангаад байна.
Энэхүү үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсанаар протез шаардлагатай байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань чухал хэрэгцээт протезоор хангагдахаас гадна, протезын үйлдвэрийн ажилчид, хоёр орны эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид харилцан туршлага солилцож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, төвүүдийн чадавхийг бэхжүүлэх томоохон боломж бүрдэх юм.