Нүүр хуудасМэдээХотын удирдлагууд Байшин үйлдвэрлэх комбинатын үйл ажиллагаатай танилцав

Хотын удирдлагууд Байшин үйлдвэрлэх комбинатын үйл ажиллагаатай танилцав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан хотын удирдлагын баг өнөөдөр “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Улаанбаатар хотыг барилгажуулах ерөнхий төлөвлөгөөний дагуу анх 1963 онд тус комбинат байгуулагдаж байжээ. Нийслэлийн барилга байгууламжийн 80 хувийг бүтээн байгуулсан түүхтэй энэхүү комбинатыг 1994 онд “Эрэл” ХХК дуудлага худалдаагаар авч байсан аж. Эрэл ХХК нь ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн шинэ технологиор шинэчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан байна.

“Бид ОХУ-ын технологийг өөрчлөөд ХБНГУ-ын дэлхийн стандартад нийцсэн шинэ технологиор үйлдвэрээ иж бүрэн шинэчлэж, дуусаад, ашиглалтад оруулаад байна. Үйлдвэр дотроо таван шугамтай 1-р шугаман дээр дотор хана, баганан хана, шатаа үйлдвэрлэнэ. Хоногтоо 150 ширхэг дотор хана үйлдвэрлэх хүчин чадалтай. 2-р шугаман дээр барилгын бүх хийц, эдлэлийн арматурыг үйлдвэрлэнэ. Зургийг нь автоматаар уншаад, хэвлэдэг. 3, 4-р шугам дээр эрчим хүчний хэмнэлт бүхий дулаалгатай гадна ханаа үйлдвэрлэж байна. Харин 5-р шугаман дээр 120 метрийн урттай хучилтын хавтанг үйлвэрлээд, хүссэн хэмжээгээрээ хөрөөдөөд явдаг. Бидний бүтээгдэхүүний гол түүхий эд бол уулын дайрга, элс. Манай агуулах 160 метрийн урттай, 5 метрийн гүн. Нэг удаа дүүргэхэд үйлдвэрийг гурван сарын турш 24 цагаар тасралтгүй хангах боломжтой. Үйлдвэрийн техник, технологи нь дэлхийд хамгийн сүүлийн үеийнх. Бүтээгдэхүүн нь газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй. Мөн барилга, байгууламжийг барихад маш хурдан болж, бага хугацаа зарцуулна. 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 14 хоногт барих боломжтой” хэмээн комбинатын үйл ажиллагаа, шинэ техник, тоног төхөөрөмжийн талаар Эрэл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат хотын удирдлагын багийнханд танилцууллаа.

Тус комбинатын үйлдвэрлэсэн төмөр бетон хийц, эдлэл нь байгаль орчинд хоргүй материалтай, гал болон газар хөдлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, өндөр даацтай, гөлгөр гадаргуу бүхий будаж болдог хана, тааз, барилгын фасадыг ханын хавтантай нь хамт үйлдвэрлэдгээрээ давуу талтай аж. Эдгээр барилгын хийц, эдлэлийг ашигласнаар барилга барих хугацааг жилээр бус сараар, өдрөөр хэмжих боломж бүрдэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдэх хамгийн зөв шийдэл бол иргэдийг орон сууцжуулах, хийн хэрэглээг нэвтрүүлэх. Энэ шийдлийн гол нь иргэдийн орлогод нийцсэн хурдан хугацаанд барьдаг, хямд өртөгтэй орон сууцны хангамжийг сайжруулах. Үүнийг шийдэхийн төлөө хувийн хэвшлийнхэн зоригтой хөдөлж, байшин үйлдвэрлэх комбинатыг шинэчлэн ашиглалтад оруулсан байна. Үүнийг хот дэмжин ажиллана. Үйлдвэрийн онцлог нь ямар ч хэмжээтэй байшинг жилийн дөрвөн улиралд барих бололцоотой. Эрэл компанийнхан орон сууцныхаа нэг м.кв-ийг 1.2 саяас доош байлгана гэж амалж байна. Өнөөдрийн нөхцөлд энэ бол боломжийн үнэ. Компанийн зүгээс нэгдүгээрт ипотекийн зээлийг Засгийн газрын хэмжээнд ярилцаж өгөхийг хүсч байна. Хоёрдугаарт газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Барилгын компаниуд газар чөлөөлөлтөд барилга барихаасаа илүү зардал гаргадаг. Газрыг чөлөөтэй шийдэж өгвөл 500-1000 айлын орон сууцыг цогцолбор, хотхон хэлбэрээр бариад өгье гэж байна. Түүнчлэн дэд бүтцийн асуудлыг улсын төсвөөс шийдэж өгөхийг хүслээ. Энэ бүхнийг шийдэж чадвал үлгэр жишээ болохуйц хороолол босгож чадна” хэмээлээ.

Комбинатын үйл ажиллагаатай танилцсаны дараа нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны бодлого, нийгмийн салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Эрэл ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Эрдэнэбат нар санамж бичиг байгуулав.

Барилгын салбарт дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлснээр Монголд үйл ажиллагаа явуулж буй барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 4189 компанийн 100 мянга гаруй ажилчид жилийн дөрвөн улирлын турш байнгын ажлын байртай байх боломжтой болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН