Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчдээс “Худалдаа, үйлчилгээний төвүүдийн ариун цэврийн өрөөг үйлчлүүлэгчдэд төлбөртэй ашиглуулж байгаа нь хууль зөрчин иргэдийг хохироож байна” гэсэн гомдол мэдээлэл ирүүлжээ. Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж заасан. Мөн НИТХ-ын 2022 оны 23 дугаар тогтоолоор “Нийтийн бие засах газрын төлөвлөлт байгуулалтад тавигдах техникийн шаардлага” хотын стандартыг баталж, энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр заажээ.
Үүний дагуу ШӨХТГ-аас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар болон мэргэжлийн хяналтын байгууллагад дээрх хууль болон стандартыг хэрэгжилтийг хангах хүрээнд олон нийтийн барилга, байгууламж бүхий худалдаа, үйлчилгээний байгууллага нь олон нийтэд зориулсан эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх, иргэдэд төлбөргүйгээр чөлөөтэй ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргүүлжээ.