ХУД-ийн засаг дарга Ж.Алдаржавхлан жирийн иргэдийн эрхийг уландаа гишгэж байна
Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба буюу иргэдийн хэлдэгээр газрын албаны хаалгыг хэдэн сар татсан нэгэн иргэд манай редакцид хандлаа. Тухайн иргэд өөрийн эзэмшлийн газраа бусдад шилжүүлэх, хугацаагаа сунгуулах, гэр бүлийн хэрэгцээний 700 кв газар эзэмших гэж хэдэнтээ Хан-Уул дүүргийн газрын албаны хаалгыг татсан ч Засаг дарга Ж.Алдаржавхлан иргэдийн өргөдөл гомдол огт авахгүй гэсэн таван удаагийн захирамж гаргасан байна.
Энэ асуудлаар бид судлан, мэдээлэл авахад ХУД-ийн засаг дарга Ж.Алдаржавхлан нь 2020, 2021 онуудад А/32, А/153, А/279, А/345, А/439 гэсэн захирамжуудыг цувруулан гаргаж иргэдээс газартай холбоотой өргөдөл хүлээн авахгүй байхыг үүрэг болгожээ. Үүнээс болж газрын алба хийх ажилгүй Засаг даргыгаа царайчлан өдөр аргацаан, жирийн иргэдийн өргөдөл, гомдолыг огт хүлээн авахаа больж, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулж эхэлжээ. Түүнчлэн иргэд Засаг даргатай уулзахаар үүдийг нь сахидагч, хүлээн авч уулздаггүй гэнэ. Энэ талаар нийслэлийн газрын алба, өмчгөөлөгчдөөс зөвлөгөө авахад журмын дагуу бүрдүүлсэн баримт бичиг бүрэн бол Засаг дарга 14 хоногт багтааж газрын эрх шилжүүлэх, эзэмшүүлэх захирамж гаргах ёстой гэсэн хариу өгсөн. Мөн иргэн төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргах эрхтэй, төрийн байгууллага, албан тушаалтан нь өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэсэн Үндсэн хуулийн заалт цагаан дээр хараар тодоос тод бичсэн байтал дархан эрхтэй засаг дарга Ж.Алдаржавхлан тавын таван удаа ийм захирамж гаргасан байна.
Гэвч хамгийн ноцтой баримт нь хэдийгээр иргэдээс өргөдөл гомдол авахгүй гэж захирамж гаргасан ч цаагуураа \2020, 2021 онуудад\ А/288, А/398, А/159 гэх мэт олон удаагийн захирамж гарган дүүргийн бүх хороодод 1000 орчим газар олгосон мэдээлэл нь egazar.gov.mn гэдэг газрын цахим хуудсанд ил байна.
Бас болоогүй ийм увайгүй үйлдэл хийсэн дээрх захирамжуудаа нийтээс нуусан байна. Авилга өгсөн эсвэл танил тал, ойр дотны хүмүүсийнхээ өргөдлийг нууцаар хүлээн авч шийдвэрлээд жирийн иргэдийн өргөдлийг үүднээсээ буцаадаг, олгосон газруудаа өндөр үнээр зардаг сүлжээ байхыг үгүйсгэхгүй гэж гомдол гаргасан иргэд мэдээлж байна. Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийнхэнд хамгийн их ирдэг гомдол бол газартай холбоотой байгааг ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ анхааруулж байгаа, хэдхэн өдрийн өмнө болсон бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалт дээр ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхан дунд шатанд хүнд суртал, авилгал их байгаа гэдгийг мэдэгдээд ийм албан тушаалтнуудыг нээлттэй ил зарлаж хатуу арга хэмжээ авахыг үүрэг болгосон ч анхан шатанд Ж. Алдаржавхлан үл тоож байна.
Авлигатай тэмцэх газрынхан гарын үсгээ шагладаг, хуулин дээр гарч суусан, иргэдийг хясан боодог энэ мэт албан тушаалтныг таслан зогсоож хуулийн хариуцлага тооцох шаардлагатай байна.