Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэрбээр Мөнххаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, төсөвт байгууллагын удирдлагууд, иргэд, малчдын төлөөлөлтэй уулзлаа.
Мөнххаан сум нь газарзүйн хувьд Сүхбаатар аймгийн баруун хойд талд байрлалтай бөгөөд Бүсчилсэн хөгжлийн бодлогод тус сумыг Түмэнцогт сумтай таталцан хөгжих, сум дундын Хөгжлийн төв байхаар тусгажээ. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тус суманд Орон нутгийн хөгжлийн төв төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй.
“Орон нутгийн хөгжлийн төв” төслийг төрийн болон орон нутгийн өмчид түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд малчид, мал бүхий иргэд, тариаланчид, бичил, жижиг, дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах болон тэдгээрт шаардлагатай дэмжлэг, туслалцаа, зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм.
Мөнххаан сумын иргэд, малчид “Орон нутгийн хөгжлийн төв” төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, хөдөө аж ахуйн жишиг сум болгон хөгжүүлэх нөөц боломж бүрэн бий гэдгийг тодотгожээ.

Уулзалтад оролцогчид хог дахин боловсруулах үйлдвэр барих талаар хөнгөн үйлдвэрлэлийн бодлогод тусгах, бүх малыг вакцинжуулахаар хуульчлах, “Шинэ хоршоо” хөдөлгөөний үр өгөөжийг дээшүүлэхийн тулд эргэлтийн хөрөнгийг шийдвэрлэх, арьс, ширний урамшууллыг олгох, мал бүхий иргэн, малчин гэсэн хэт ялгааг арилгах, өндөр чанартай 500 эм хонийн суурь, Казакын цагайн толгойт 100 үхрийн жишиг суурь байгуулан хөгжүүлэх, малын эм, тарианы чанарт анхаарах зэрэг санал дэвшүүлэв.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нар иргэдийн асуултад хариулж, Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл зэрэг салбарын яамнаас боловсруулж хууль эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж ажиллана. Төрөөс эргэлтийн хөрөнгө буюу хөнгөлөлттэй зээл, газар олголт, дэд бүтэц татварын хөнгөлөлтөөр дэмжиж, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна” гээд орон нутгийн удирдлага, иргэд, малчдын оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэлээ.
Мөнххаан сумын хэмжээнд 11 мянган боодол буюу 220 тонн өвс, 60 тонн тэжээл сумын аюулгүйн нөөцөд нөөцөлсөн. Сумын хэмжээнд 2025-2026 онд 1128 малтай өрхийн хонин толгодй шилжүүлснээр 343,3 мянган толгой мал өвөлжиж, хаваржиж байна.






