Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Мэдээлэл технологийн үндэсний парк, SMS, Startup Mongolia, West method компани хамтран “СТАРТАП УЛСЫН УРАЛДААН-2023” үндэсний ялагчийг тодруулах арга хэмжээг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн улсын уралдаанд нийт 209 багийн 400 орчим залуучууд бүртгүүлэн оролцсоноос шалгарсан 15 баг финалын шатанд төслөө танилцуулсан юм.

Финалын шатны шүүгчээр, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Санхүү эдийн засгийн сургуулийн ахисан түвшний сургалт, судалгаа эрхэлсэн проректор доктор, профессор Г.Батхуяг, “UB CAB” компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр, “Niito COO, Startup Mongolia Board”-ын гишүүн З.Уянга нар финалын шатны шүүгчээр ажиллаж үндэсний аваргуудыг тодруулав.

УРАЛДААНЫ ҮР ДҮНД ШҮҮГЧДИЙН НЭГДСЭН ДҮНГЭЭР:
3-р байр 3 тодорч тус бүр 15,000,000₮ – ийн санхүүжилтийн эрх авлаа
- Oneday JOB – Ажилтан шаардлагатай байгууллага болон ажил хайгч хоорондыг платформоор дамжуулан холбох хүний нөөцийн бүрдүүлэлтийн систем.
- Хөөрхөн Эрдэнэт баг – Цаасны хог хаягдлаар хийсэн эко шахмал түлш
- HybOrg баг – Биет болон виртуал хувцасны хосолсон хэрэглээ борлуулалтыг хангасан платформ
2-р байр 2 тодорч тус бүр 17,000,000₮ – ийн санхүүжилтийн эрх авла
- Eco pass баг – Нэг удаагийн гарын саван болгон ашиглах боломжтой мандат болон тараах материал.
- AVR Plus баг – Хиймэл оюун ухаанд суурилсан Виртуал дохионы хэлмэрч
Тэргүүн байранд:
- Металанд Метафорс баг “Металанд” төслөөрөө шалгарч 20,000,000₮-ийн санхүүжилтийн эрхийг гардлаа



