Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Т.Бадрахбаяр өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр БНСУ-ын Кёнги аймгийн Квангжу хотын Чамчуван эмнэлгийн захирал Вонг Жунг Хуа, Ан Жүн Хуан болон Намьяанжу хотын Эль эмнэлэгийн захирал Жу Ги Чол нарын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, талууд хоорондын сургалт, судалгаа, эрүүл мэндийн тусламж дэмжлэгтэй холбоотой хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэхэд харилцан туслалцаж дэмжих, орчин үеийн анагаах ухааны хөгжилд тулгуурлан салбарын албан хаагчдын эрүүл мэндийг дээшлүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах, хамтран ажиллах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үзэг зурлаа.

Уулзалтын үеэр БНСУ-ын Чамчуван болон Эль эмнэлэгийн анагаах ухааны хөгжил дэвшил, эмчилгээний шинэ ололтын талаарх танилцуулга хийгдэж, ХХҮЕГ-ын төрийн албан хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, яаралтай тусламжийн сургалт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, зөвлөгөө өгөх, байгууллагын судалгаа хийх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжийн тухай харилцан мэдээлэл солилцов.

Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай үед тус ерөнхий газрын болон салбарын төрийн албан хаагчид тэдгээрийн гэр бүлд 40 хувийн хямдралтай үйлчилгээг үзүүлэхээр харилцан тохиролцлоо.