“Нээлттэй Хэнтий аймаг” өдөрлөгийг нээж Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас хот хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангах, хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор хөдөөгийн сэргэлтийн бодлогоо дэвшүүлснийг орон нутгийн удирдлагууд бид олзуурхан хүлээн авч, хэрэгжүүлэх ажилд шамдан ороод байна. Манайх шиг нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг улс хүн амынх нь гуравны нэг нийслэлд амьдарч байгаа нь Улаанбаатар хотод оршин сууж байгаа иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаагаас гадна хөдөө орон нутгийн иргэдийн хувьд бизнесээ өргөжүүлэх боломж хумигдаж, орон нутаг эдийн засгаа тэлэх, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх тал дээр хүндрэлтэй байгаа нь гарцаагүй үнэн. Тиймээс бид Их эзэн Чингис хааны өлгий, аялал жуулчлалын тулгуур бүс нутаг болохын хувьд Эх орныхоо өнцөг булан бүрээс Хэнтий нутгийг минь зорин ирэх иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Та бүхэн бүтээн байгуулалт өрнөж, ажил хөдөлмөр ундарч, хөгжил дэвшилд тэмүүлж байгаа манай аймгийг зорин ирээрэй. Бид танд төрийн болон хувийн хэвшилд нээлттэй байгаа 300 гаруй ажлын байрыг санал болгож байна. Мөн төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор улс болон орон нутгийн 40 хувийн нэмэгдлийг олгож байгаа. Эмч багш нар улсын хэмжээнд төдийгүй орон нутгийн хэмжээнд ч дутагдалтай байгаа тул тэдний нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж байр орон сууцтай болоход нь 25 хүртэлх сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх болзолт уралдаан зарлаад байна. Мөн манай аймагт орон нутаг дахь хамгийн том сургууль болох 1500 хүүхдийн хүчин чадалтай Хэрлэн лаборатори 1 дүгээр сургууль, орон нутаг дах анхны олон улсын хөтөлбөртэй Бэрх сургууль, Монгол улсад ганцхан байдаг төрийн өмчит Ясли үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс шилжин ирсэн иргэдийн хүүхдүүд 100 хувь цэцэрлэг, сургуульд хамрагдах боломжтой. Улс орныхоо хөгжлийг бид Улаанбаатар хотоор биш улс нийтээрээ хардаг байх хэрэгтэй. Хүн амын төвлөрлийг орон нутагт шилжүүлснээр бид тэгш хөгжил, тэгш боломжийг бий болгох юм. Таныг стрессгүй амьдрал, эрүүл цэнгэг агаар, илүү боломжтой нутагт минь хүрэлцэн ирж бизнесээ, ажил, амьдралаа цэцэглүүлэхийг урьж байна” хэмээн ярилаа


