Нүүр хуудасНийтлэлХүмүүсийг баярлуулах нь хичнээн гоё вэ? гэдгийг надаас хүмүүс мэдрээсэй гэж хүсдэг

Хүмүүсийг баярлуулах нь хичнээн гоё вэ? гэдгийг надаас хүмүүс мэдрээсэй гэж хүсдэг

Жил бүрийн Мартын 8-аар бусдад чихэр өгч баярлуулах дуртай нэгэн эмэгтэйг бид ярилцлагын буландаа онцоллоо. Бусдыг баярлуулна гэдэг асар их баяр баясал, сэтгэлийн жаргал байдаг гэлтэй. . .

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүнд манай Манд.мн сайтын урилгыг хүлээн авч  ярилцах гэж байгаа танд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

            Сайн. Сайн байна уу? Танай хамт олонд болон үүнийг уншиж байгаа хүмүүстээ Мартын 8-ны мэндийг хүргэе. 

Өөрийгөө товчхон манай уншигчдад танилцуулбал?

Намайг Х.Бердгуль гэдэг. Ховд аймагт өссөн. Оюутан болоод хотод орж ирсэн. Түүнээс хойш энд амьдарч байна даа.

Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хүмүүсийг баярлуулж чихэр тараадаг гэсэн. Чихэр тараах болсон шалтгаан юу вэ? Ямар нэг утга учир бий юу?

            Би өөрөө 10н жилд сурч байхдаа Мартын 8-аар бэлэг авч үзээгүй. Би дотроо аягүй гоё гадаа бэлэг тараагаад явж байдаг тэр хүмүүс надтай таараасай, надад бэлэг өгөөсэй гэж их боддог байсан. Тэгээд өөрөө авдаггүй болохоор надтай адилхан хүмүүст гоё гэнэтийн бэлэг барихыг хүссэн. Ингээд өөрийнхөө чадахаар л тарааж үзье дээ гэж бодсон. Бусад шиг том бэлэг, шоколад, сарнай өгч чадахгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд чадах зүйлээ тарааж үзье гэж бодсон. Тараагаад явж байхад хүмүүсийн баярлаад, инээж байгаа нь таалагддаг учраас тараасаар ч байгаа, зогсооё ч гэж боддоггүй. Тиймээс жил болгоны Мартын 8-аар өдөр болгон чихрээ аваад гардаг байх. Одоогоос бараг 7 жилийн өмнө 11-р ангиасаа эхэлж тараасан.

Яагаад заавал Мартын 8ан гэж? Хүүхдийн баяр ч юм уу? Өөр баяраар хүмүүсийг баярлуулж болохгүй гэж үү?

            Хүүхдийн баярын хувьд гэвэл ганцаараа биш, өөр хүмүүстэй нийлээд жаахан хүүхдүүдийг баярлуулдаг. Тэр хүмүүс маань сайн үйлсийн аян эхлүүлээд боломж тааруу хүүхдүүдэд туслахыг хичээдэг. Энгийн үед ч гэсэн чадахаараа туслахыг хичээдэг.

Яг хотын аль хэсгээр чихрээ тараадаг вэ?

            Улаанбаатар хотын төв талбайгаас эхэлдэг. Чихрээ тараахдаа талбайн нэг өнцгөөс эхлээд явна даа. Яг голд нь очдог. Орчноо нэг мэдрэх гэж хичээгээд аль хэсэгт хүмүүс их байна, хаана бөөгнөрч байна гэдгийг нь хараад тэр хүмүүсээс эхлэх нь амар байдаг. Тэгээд ганцаар яваа хүмүүс, жаахан хүүхдүүд, ахмад буурлууд гэж явсаар байгаад дуусдаг даа.

Хамгийн анх удаа чихэр тараах үед ямар мэдрэмж төрж байсан бэ?

Их сандарсан. 2018 онд хамгийн анхны чихрээ өгөх үед их гонсойж байсан. Тухайн үедээ би бор арьстай, их сэвхтэй, царай муутай байсан. Тэгээд анх удаа хүнд чихэр өгөх гэсэн надаас жаахан сэжиглэх маягтай авч байсан. Тэгэхэд сэтгэлээр унасан, би яг юу буруу хийчхэв, хүн баярлуулъя гэж бодоод өгч байхад гэж бодож байсан. Тэрнээсээ их санаа зовоод явж байгаад нэг эмээтэй таарсан. Тэр эмээд чихэр өгсөн их баярлаж хүлээн авч буцаагаад надад чихэр өгч байсан. Би ч тэрнээс урамшаад “За ийм зүйл байх шүү дээ. Түрүүний таагүй явдлаа мартъя гээд өөрийгөө зоригжуулсан”. Тэгээд чихрээ дуустал тараагаад их баярласан хүн гэртээ харьж билээ. Тэрнээс хойш жил болгон тараажээ. Жил болгоны хамгийн эхний хүндээ өгөхдөө хамгийн анх авч байсан онцгүй мэдрэмжээ авчихвий, яг тэгж сэжиглэж, бишүүрхсэн хандлага гаргахвий гэдгээс айдаг. Тиймээс эхнийхийгээ олон хүн дундаас бас эхлэх дуртай. Их гоё энерги авдаг. Анхныхыг эс тооцвол дахиж буруугаар ойлгох, сэжиглэх хүнтэй одоо хүртэл таараагүй дээ.

Чихэр сонгохдоо хүмүүсийн түгээмэл идэх дуртай чихрийг сонгож байна уу эсвэл өөрийнхөө дуртайг сонгож байна уу? Ямар нэг шалгуур тавьдаг уу?

            Би чихэр авахдаа өмнө жилүүдэд зүрхэн хэлбэртэй иштэй чихрүүд их авдаг байсан. Санхүүгийн бололцоогүй үед килограммын гоё амттай, хүмүүсийн идэх дуртай ямар чихэр байж болох уу гэж нэлээн бодож байгаад авдаг. Ер нь зүрхэн хэлбэртэй чихрээ л авах дуртай. Гэхдээ энэ жил өглөө хэд хэдэн дэлгүүр орсон ч энэ чихрээ олоогүй ээ. Тэгээд гүзээлзгэнэ, усан үзмийн амттай модон чихэр энэ жил сонгосон. Учир нь том бөөрөнхий, амттай, өнгөлөг харагдсан учраас тэр. 2 уут хангалттай биз гэж бодон талбай дээр очсон ч үгүй байсан. 10 минутын дотор дууссан. Санаа зовж, сандраад замын эсрэг талын дэлгүүр орж дахин 3 уут чихэр авсан. Энэ жил өмнөх жилийг бодвол хурдан дууссан. Тайван жагсаал болж байсандаа ч тэр үү хүн их байсан. Гэхдээ их баяртай байна. Олон хүн баярлуулж чадсан даа.

Хамгийн мартагдашгүй сайхан дурсамж юу байна вэ?

            2 жилийн өмнө нэг хүүхэдтэй эгчид чихэр өгсөн юм. Тэгтэл хойноос охин нь гүйж ирээд чихрийг маань буцаагаад өгсөн. Тэгээд эгчээ танд үнэхээр их баярласан гэхдээ авч чадахгүй нь ээ гэж байсан. Буцаагаад танд өгөх юм байдаггүй. Тиймээс буцаагаад чихрийг нь өгье гэж байсан. Би ч зөндөө баярлаад л тэр хүүхдийг тэвэрсэн. Эгч нь чамаас буцаагаад бэлэг нэхэх гэж өгөөгүй ээ. Чамайг баярлуулах гэж өгсөн гэсэн чинь намайг хүзүүнээс тэврээд баярлаж байсан. Жаахан 8 9 настай л хүүхэд байсан байх. Энэ дурсамж хамгийн гоё, хэзээ ч сэтгэлээс гардаггүй сайхан дурсамж болоод үлджээ.

Энэ жил жаахан бишүүрхсэн гэж байсан даа? Энэ талаар яривал?

            Би жил бүр инээгээд, өөртөө маш итгэлтэй тараадаг юм. Тэгсэн энэ жил том болоод ч тэр үү, хүмүүсээс бишүүрхээд, өнөөдөр 30 минут гаруй сандралаа дарах гэж талбайн голд зогссон. Эхний чихрүүд маань дуусаад дараагийн чихрээ авсны дараа жаахан завсарлага аваад талбай дээр хүмүүс сэлгэгдсэний дараа чихрээ тараая гэж бодсон. Үгүй бол зарим хүмүүст хоёр удаа өгөөд байсан. Зарим нь бол түрүүн авчихсан гэж хэлэх ч зарим нь чимээгүй баярлалаа гэж хэлээд авчихдаг. Тэгээд түр завсарлага аваад хүмүүсийг ажиглаж байгаад үргэлжлүүлээд тараасан. Сүүлд арав гаруй чихэр үлдээд арван жилийн сурагчид найзуудаараа явж байсантай таарч  тэр хэд дээр очоод  чихрээ дуусгасан. Сүүлд нь нэг чихэр илүү гараад тэгэхэд нь нэгэнд нь нэмээд өгсөн. Тэгээд л өнөөдрийн ажил маань дууссан.

Ер нь цаашдаа хэр удаан хүмүүсийг баярлуулна гэж бодож байна вэ?

            Ер нь бол сэтгэлд сэв хийх ямар нэгэн үг сонсохгүй бол би хүмүүст бага ч атугай баяр баясал түгээнэ. Тэрнээс нээх болих юм бодоогүй л байна. Хүмүүс баярлаж байна гэдэг нь би ч мөн адил баярлаж байна л гэсэн үг. Бүхэл бүтэн 100 ширхэг сарнайн баглаа авсан юм шиг баярлана шүү дээ. Жишээ нь, жил болгон тараасан чихрийнхээ тоогоор тэр хэмжээгээр сарнай цэцэг авсан юм шиг төсөөлөх дуртай. Тэгэхээр энэ жил би 250 сарнайн баглаа авсан гэж бодож байгаа. Яагаад гэвэл, чихэр өгөөд баярлалаа гэдэг үгийг сонсоод тэр үг болгон цэцгийн баглаа болж ирдэг байсан бол тэр хэмжээний цэцэг авчээ гэж төсөөлж баярлах дуртай. Өнгөрсөн жил орой хүртэл тараасан. Тэгэхэд 500-аад чихэр тарааж байсан. Эхний гурван жил би хүмүүсийг баярлуулсан гэж бодож явсан. Харин дөрөвдэх жилдээ хүмүүсийг баярлуулсан ч өөрөө баярлахгүй байгаа мэт мэдрэмж аваад сэтгэлээр уначихсан сууж байсан. Тэгтэл чихэр авсан нэг эмээ миний хажууд ирээд яагаад гунигласныг асуусан. Тэгэхэд зүгээрээ эмээ. Хүмүүсийг баярлуулсан ч сэтгэл хоосон санагдаад гээд хэлсэн чинь. Юу гэж байгаа юм бэ чи хүн болгоноос баярлалаа гэдэг үгийг сонссон биз дээ. Баярлалаа гэдэг үг болгон чинь чамд нэг ширхэг баглаа цэцэг болж ирж байна шүү дээ гэж хэлсэн. Энэ үг ер нь эмээгээс гаралтай. Тэрнээс хойш өөрийгөө урамшуулдаг болсон. 

Гэр бүл, найзуудын зүгээс хэр дэмждэг вэ?

            Мэддэг хүн их ховор. Яагаад ч юм хэлье гэж боддоггүй, би ч өөрөө мартчихдаг л даа. Гэрээс гарах гэж байхад хэн нэгэн нь хаачих гэж байгаа юм гэж асуувал чихэр тараана гэж хэлдэг. Ямар учиртай чихэр вэ? гэхээр нь Мартын 8-н болгоноор тараадаг шүү дээ гэдэг. Өмнөх хэдэн жилд ах эгч нар яах гэж ингэж тараадаг байна аа, хайран мөнгө байгаа даа, ганц эрхээ хамгаалуулах өдрөө амраач ээ, өөрийгөө ядрааж яах гэсэн юм бэ, наад мөнгөөрөө өөртөө хэрэгтэй юм аваач гэж их хэлдэг байсан. Харин ээж бол хүн баярлуулах зүйл хийх их хоббитой хүн. Хүүхэд баярлуулах их дуртай. Ээж намайг ёстой мундаг шүү дээ гээд их дэмждэг дээ. Тиймээс надад санаа зовж хэлсэн, чихэр тараахад минь дурамчхан байдаг хүмүүсийн үг надад наалдахаа ч байсан. Хүн ер нь хийхийг хүссэн зүйлээ хийснээр сэтгэл санаа их өөдрөг сайхан байдаг гэж боддог. Тэрнээсээ өөрөө ч баяр баясал авч, тайван байж чаддаг. Ер нь хөгшрөөд бие минь хөдлөхөө болих хүртэл хүмүүсийг баярлуулсаар байна даа гэж боддог.

Яагаад заавал талбай дээр чихэр тараадаг вэ? Өөр хүний хөл дарсан олон газрууд байна шүү дээ? Өөр газар сонгоё гэж бодож байсан уу?

            Би багадаа хүмүүс талбай дээр л баярладаг гэж бодож талбай дээр ирдэг байсан. Бас талбай эерэг энерги ихтэй юм шиг санагддаг. Жишээлбэл, алдарт эхийн одонгоо авч буй ээжүүд гэдэг ч юм уу дандаа сайн сайхан үйл явдал энэ газар өрнөдөг болохоор магадгүй энерги сайтай юм шиг. Тэгээд өнөөдөр энэ талбай дээр ээжийн, эх хүний энерги хуримтлагдсан төв хэсэг болохоор талбайг сонгосон байх.

            Мартын 8-н дөхөөд ирэхээр л эрчүүд цэцэг, бялуу бариад л их ач холбогдол өгөөд нижгэр тэмдэглэдэг шүү дээ, таны хувьд ямархуу санагддаг вэ?

            Эрэгтэй хүмүүсийг бол заавал найз охин, эхнэр ч юм уу тэ заавал түрүүлж биш ээжийгээ хамгийн түрүүнд баярлуулж байгаасай гэж хүсдэг. Ээж нь хажууд байдаг бол гоё цуг тэмдэглээд, хол байдаг бол мэнд хүргээд, хайртайгаа илэрхийлж утсаар сайхан ярьдаг ч юм уу тийм байгаасай гэж их хүсдэг. Хамгийн гол нь эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ээжийгээ баярлуулдаг байгаасай гэж боддог. Ээж гэдэг хүн байнга миний хажууд байхгүй учраас байхад нь сайн баярлуулахыг их хичээдэг.

Улаанбаатар хотоос өөр газарт амьдрахаар боллоо гэж бодвол очсон газартаа хүмүүсийг баярлуулах уу?

            Байгаа газартаа хүмүүсийг баярлуулсаар л явна даа. Хамгийн сайн сайхан энерги шингэсэн газарт нь очоод баяр баясал хүмүүст өгнө.

Сошиал орчинд өөрийгөө харуулж байсан уу? Бусдад өөрийгөө таниулах ч гэдэг юм уу?

Манай нэг найз намайг чихэр тараадгийг мэддэг. Тэгээд миний найз нүүр номдоо гоё бөөнөөрөө нийлье гэж бичиж байгаад мөнгө цуглуулаад илүү томоор баярлуулаач гэж хэлдэг. Тэгье гэж бодохоор зөвөөр хүлээж авах хүмүүс байна, буруугаар хүлээж авах нь ч бас байна. Тийм болохоор би аль болох сошиал орчинд тавиад байх бодол байдаггүй. Ганц зураг оруулдаг ч юм бил үү гэж нэг ч удаа бодож байгаагүй. Зүгээр л өөртөө 100%-ийн сэтгэл ханамжийг тултал нь дүүргээд авчихсан учраас заавал нүүр номон дээр ч юм уу тэ хэн нэгэнд харуулъя гэж боддоггүй ээ. Бас нэг зүйл гэвэл миний бодлоор нийтэд дэлгээд байвал тэр нь сайн үйл гэхээсээ илүү өөрийгөө сурталчилж байгаа юм шиг санагддаг. Сошиалд сайн үйл хийгээд яваад буй хүмүүсийг хараад би өөрөө нээх таашаадаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүс өөрийгөө сурталчлах гээд байгаа ч юм шиг хааяа санагддаг.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр манай сайтад зав гарган ярилцаж суусанд баярлалаа. Манай уншигч олонд хандаж хэлэх үг байна уу?

Мартын 8-аар өөрөө л бэлэг аваад баярлах биш, өөрөө ч хүмүүсийг баярлуулбал гоё гэж боддог. Өөрсдөө хүмүүсийг баярлуулах нь хичнээн гоё вэ гэдгийг надаас хүмүүс мэдрээсэй гэж хүсдэг. Хэзээ нэг өдөр би болихоор шийдвэл надтай адил ингээд явах хүн гарч ирвэл их сайхан даа гэж боддог. Хүмүүсийг баярлуулъя гэсэн хүн олон байгаасай. Магадгүй би хөгшрөөд гадуур явж чадахаа болихын цагт надтай адил ийм хүн гараад ирвэл би лав баярлана. Бүүр чихрийг нь авч өгч ч магадгүй. Баяруудаар хүүхэд, хүмүүсийг баярлуулчихдаг, нэг эмэгтэй хүнд ч гэсэн инээмсэглэл бэлэглэдэг хүн байгаасай л гэж боддог.

Хүн баярлуулахад ямар нэгэн шалтгаан хэрэггүй. Харин ч хүн баярлуулснаар өөрөө ч давхар баярладаг шүү дээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН