Нүүр хуудасНийтлэлХүнийг үе нь бус зан чанар нь тодорхойлдог

Хүнийг үе нь бус зан чанар нь тодорхойлдог

Хэдхэн хоногийн өмнө сошиалд сүүлийн үед бизнес эрхлэгч, байгууллагууд GenZ үеийнхнийг ажилд авах сонирхолгүй байна гэсэн гадны судалгаа тавигдсан. Түмэнд түгсэн энэ мэдээг зарим хэсэг нь хүлээн зөвшөөрсөн бол зарим нь үгүйсгэж өөрийн сэтгэгдлээ хуваалцаж бяцхан хэлэлцүүлэг өрнөөд амжсан. Тэгвэл хүмүүсийг талцуулаад буй GenZ гэж ямар үеийг хэлэх вэ? Анзаарсан бол бид чинь саяхан GenZ үеийн Улсын их хурлын гишүүнтэй болчихсон шүү. Хамгийн энгийнээр биологийн талаас нь үзвэл 1997-2010 онд төрсөн үеийнхнийг хэлнэ. Одоогоор хамгийн ахмад нь 27, хамгийн залуу нь 14 настнууд энэ ангилалд хамаарна. 1997 оноос (Чимээгүй үеэс Миллениал үе 1945-1996) өмнө төрсөн хүмүүсээс ялгарах зүйл нь техник технологийн ид хөгжлийн үед өсөж бойжсон хүмүүс. Технологи хөгжихийн хэрээр энэ үеийнхэн түүнийг дагаад технологийн дэвшилд цаг алдалгүй суралцаж явсан. 

GenZ юугаараа онцлог вэ? Хүмүүсийн нүдэнд ямар харагдаж байна вэ? Өөрийнхөө сэтгэл хөдлөлөө санаа зоволгүй илэрхийлж, өөрийн шийдвэртээ бат зогсдог, өөрийн үзэл баримтлалдаа үнэнч, нийгэмд дуу хоолойгоо илэрхийлэхээс айдаггүй, өөрийн хүссэн ажлаа хийж дотоод дуу хоолойгоо дагадаг гэх мэт онцлогууд харагдана. Монгол улсын хувьд социалист үед зөвхөн олгогдсон ажлыг хийж, өөрийн сэтгэл зүй рүү хэр барагтаа өнгийх завгүй ажиллаж, амьдарч байсан. Энэ хэрээрээ өөрт мэдрэгдсэн зүйлийг дотроо хадгалдаг үе гэж харж болно. Орос школтой хүмүүс шүү дээ. GenZ бол энэ үеийг дуусгаж капиталист замнал руу орж буй нэг хэлбэр гэж харж болно. Энэ ойлголтыг Монголчуудаас илүү барууны хөгжилтэй орнууд ихэвчлэн ашигладаг нэршил. Жишээлбэл, АНУ-ыг дурьдаж болно.

Тэгвэл GenZ гэдэг нь Монголоос илүү гадаадын улс оронд түлхүү хэлэгддэг байх нь. Гадны судалгаанд түшиглэн Монголчуудтай харьцуулж ярих нь бас зөв үү? GenZ өөрийн сэтгэлийн хөдөлгөөн уур бухимдлаа шууд илэрхийлдэг нь олны шүүмжлэлд өртөж байгаа юм. Ажил олгогч нар цаг барьдаггүй, хийх ажлаа чанар муутай гүйцэтгэдэг гэх нь ч бий. Гэхдээ 1997 оноос өмнө төрсөн хүмүүст ч энэ чанар анзаарагдах нь бий. Эцэстээ энэ бол хувь хүний өөрийн менежмент, хувийн зохион байгуулалтын асуудал. Бас нэгэн таамаглал дэвшүүлж болох юм. 2000 оноос хойш 24 жилийн хугацаан дахь Монгол улсыг төсөөлье. Энэ хугацаанд хэр өөрчлөлт гарсан бэ? Таны толгойд Улаанбаатар хотод маш их байшин, барилга нэмэгдсэн дээ гэсэн бодол орж ирж магадгүй. Гэхдээ энэ үнэн шүү. Хаа сайгүй тэнгэр баганадсан байшин барилгууд, толинд харах хэмжээний шилэн цонхнууд нүд эрээлжлэн харагддаг. Монголчууд дээр үеэсээ нүүдэлчин аж ахуй эрхэлж, байгальтай ойрхон аж төрж ирсэн. Улаанбаатар хотын хүн амын талаас илүү хувь нь хөдөө орон нутагт мал дээр хүүхэд насаа өнгөрүүлсэн байдаг. Харин тэдний хүүхэд болох бидний нэрлэж буй GenZ үеийнхэн маань бетонон ширэнгэн дунд өсөж байгаль дэлхийгээс хүчээр холдсон хүмүүс. Тиймдээ ч хөдөө зугаалах залуусын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байх. Энэ зун хаа сайгүй болсон задгай талбайн шоунд залуучууд дийлэнхдээ харагдсан. Аялал зугаалгаар гадаад болон дотооддоо аялах хүмүүс ч маш их бий. Дөрвөн хананы дунд хайрцаглагдан амьдрахаас илүү хөдөө тал руу тэмүүлэх олон залуусын жишээ ч бий. Энэ жишээгээр юу хэлэх гэсэн бэ гэвэл байгалиас холдсон хүмүүсийн сэтгэл зүй энгийнээс арай өөрчлөгдөж, бухимдах нь нэмэгддэг. Энэ үеийхнийг шүүмжлээд байгаа зүйлд энэ хамаарч ч болох юм. 

Чимээгүй үе, их төрөлтийн үе, Х үе, миллениал, Z үе, альфа үе эдгээр нь 1945 оноос одоог хүртэл үргэлжлэх хүний хөгжлийн үе шатууд юм. Аль ч үеэс дараагийн үе нь илүү хөгжингүй, шинэ зүйлийг сурч мэдэхдээ хурдан болсон байдаг. Бүх үеийн хүмүүст өөрийн гэсэн онцлог буй. Харин тэр онцлогоо хэрхэн яаж ашиглах вэ гэдэг нь чухал. GenZ муу нэртэй боловч энэ үеийн маш олон төлөөллүүд өөрийн салбартаа ахицтай, амбицтай явж байна. GenZ үеийг ажилд авахад төвөгтэй санагддаг гэж хүмүүс ярьж байна. Нийгэмд маш олон төрлийн хүн бий. Бүхэл бүтэн нэг үеийг хэсэгхэн хүмүүсээр бүү харьцуулаарай.

Нийтлэгч: К

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН