АНУ-ын Сент Луис хотод төвтэй “Inner Cosmos” стартап компани хүний гавлын ясанд электрод суулгах замаар сэтгэл гутралыг анагаах технологи боловсруулж байна. Тодруулбал: мэс заслын аргаар гавлын ясны жижиг хэсгийг электродоор солих бөгөөд тэдгээр нь тархи руу маш бага хэмжээний цахилгаан импульс дамжуулан мэдрэлийн эсүүдийг өдөөх зарчимтай аж.
Тархины үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг томоохон стартапууд голчлон саажилттай хүмүүст туслах зорилготой технологи боловсруулдаг.
Харин Илон Маскийн “Neuralink” хүний тархины гүнд чип суулгах туршилтдаа 360 сая ам.долларын санхүүжилт аваад буй. Түүнчлэн хүн зөвхөн өөрийн бодлыг ашиглан цахим зурвас, и-мэйл илгээх технологийг хөгжүүлж байгаа “Synchron Inc” нь 60 сая ам.долларын санхүүжилт авснаас гадна хүн дээрх анхны туршилтаа АНУ-д эхлүүлжээ.
Харин “Inner Cosmos” нь хүний сэтгэл зүйд анхаарал хандуулахаас гадна тархинд нэвтрэлгүйгээр зөвхөн гавлын ясанд имплант суулгана гэдгээрээ дээрх стартапуудаас ялгаатай аж. Мэс засал хялбар байх тусам хүмүүсийн болгоомжлол багасаж, илүү нээлттэй хандахыг тус компанийн Гүйцэтгэх захирал Мерон Грибец онцолж байна.
Хэдий тийм боловч энэхүү санаа нь цоо шинэ гэвэл үгүй аж. Эпилепси болон Паркинсоны өвчнийг электродын суулгацын тусламжтай эмчилж байсан олон жилийн туршлага бий. Гол нь “Inner Cosmos”-ийн технологи нь тархины гадаргуу дээрх тодорхой цэгт зайнаас нөлөөлөх боломжтой гэдгээрээ онцлог юм.
Туршилтад оролцсон анхны өвчтөний мэс засал амжилттай болсныг компанийн зүгээс мэдээлжээ. Имплант нь өдөрт нэг удаа 15 минутын турш хүний их тархины зүүн тал бөмбөлөг рүү цахилгаан импульс дамжуулахын зэрэгцээ мэдрэлийн эсийн үйл ажиллагааг хэмжиж, өдөөлтийн түвшнийг тохируулдаг аж. Туршилтын үе шат нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд дахин 1-2 өвчтөнийг нэмж хамруулж магадгүй байна.