Нүүр хуудасБусадХүүхдүүдийн дунд оёдлын сургалт хичээллэж эхэллээ

Хүүхдүүдийн дунд оёдлын сургалт хичээллэж эхэллээ

Монголын Exclusive брэндийг үүсгэн байгуулагч “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэгийн санаачлагаар бүтээлч хүүхдүүдэд зориулсан оёдлын сургалт хичээллэж эхэллээ.

Ирээдүйд хувцас загварын чиглэлээр ажиллах, оёх хүсэл эрмэлзэлтэй бүтээлч хүүхдүүдийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус сургалтыг Exclusive брэндийн загварын төв дэмжин нэрийн дэлгүүр дээрээ сургалтын байр бэлдэж, 1000 кг даавуу материал хэрэглэх эрх олгожээ. Мөн суралцагч хүүхдүүдийг туслах хэрэгслээр хангасан байна. Сургалтын талаар  Exclusive брэндийг үүсгэн байгуулагч  Г.Майцэцэгээс тодрууллаа.

-Өдрийн мэнд хүргэе. Сургалтын анхны өдөр ямархуу болж байна?

-Өдрийн мэнд. Маш гайхалтай өдөр байна. Хүсэл мөрөөдөл дүүрэн хийж бүтээх эрмэлзэл дүүрэн олон хүүхдүүд хүрэлцэн иржээ. Ирсэн хүүхдүүдээсээ маш их урам зориг авлаа.

-Сургалтыг хичээллүүлэх болсон шалтгаан юу байв. Хүүхдүүд маш дуртай байх шиг санагдлаа?

-Сүүлийн 20 гаруй жил бид хүүхдүүдээ юу зориулсан бэ гэдгээ бодох цаг болжээ. Биднийг бага байхад хөдөлмөрийн хичээл ордог юмханаар юм хийхийг заадаг түүгээр дамжуулан хөдөлмөрийн төлөвшил олж авдаг байлаа.  Харин өнөөдөр энэ хичээл хүүхдүүдэд ямар их үгүйлэгдэж байгаа нь харагдаж байна. Ирээдүй хойч үедээ юу өгч чадах бэ гэж бодсоны эцэст оёдлын клубээ нээлээ. Өнөөдөр эхний хичээл орлоо. Эдгээр хүүхдүүдийн хувьд загварын чиглэлээр явах хүсэлтэй байгаагаа хэлж байна. Хамгийн бага нь 9 настай хүүхэд байна. Өөрсдийнхөө ирээдүйн төлөө цаг гаргаад ирсэн хүүхдүүдээ бид бүтээлч Монгол хүн болгохын төлөө хичээн ажиллах болно.

-Сургалтад сууснаар хүүхдүүдэд маань ямар ач холбогдолтой вэ. Ямар чадваруудыг олж авах бол?

-Дизайнер оёдолчин байна гэдэг нэг талаасаа байгалиас заяасан өгөгдөл байдаг ч нөгөө талаас тухай хүнээс их шалтгаалдаг. Тиймээс хүүхдийг бага балчир гэлтгүй оёх загвар гаргах бүх зүйлээр нь хангаж ирээдүйд бэлдэж чиглүүлж өгөх нь миний зорилго. Тэр ч утгаараа өсвөрийн оёдлын клубээрээ дамжуулж эдгээр хүүхдүүдээ зөв хүн байх хөдөлмөрч байх, бусдын хөдөлмөрийг үнэлж сурах зэрэг төлөвшлийг олгохыг хичээнэ. Цаашид 10, 20 жилийн дараа энэ хүүхдүүд маань сайн дизайнер болно. Зөв хүн болж хүний хөдөлмөрийг үнэлдэг,  нэг хувцас ямар их хөдөлмөрийн үр дүнд бүтдэгийг ойлгодог болсон байна. Ийм л зорилгыг тээж өсвөрийн оёдолчдын клубээ нээж байна даа.

Монголчууд бид үйлдвэрлэгч орон байж чадна. Учир нь жилийн 4 улиралтай оронд хувцас загвар хөгжих бүрэн боломжтой. Мөн бидэнд ноос ноолуур түүхий эд байна. Тиймээс шилдэг дизайнерыг багаас нь бэлтгэж гаргах нь энэ салбарын хөгжилд маш том хувь нэмэр болох учиртай.  Хувцасны загвар дизайн гаргахад хүүхдүүдийн нас хүйс хамаагүй. Тийм учраас хүүхдүүдийн чөлөөт сэтгэлгээг дэмжиж  тэдний гаргасан загварыг үнэлж цаашлаад амжилттай загвар гаргасан хүүхдүүдийг урамшуулан хамтран ажиллах болно.  

-Оёдлын сургалт цаашид тогтмол хичээллэх үү. Хамрагдах хүсэлтэй хүүхдүүд яаж бүртгүүлэх вэ?

Оёдлын сургалт 7 хоног бүр амралтын өдрүүдэд хичээллэнэ. Сургалтад маань “Уран үйлчин” уралдааны шилдэг оёдолчид ирж өөрсдийн арга туршлагаасаа харамгүй хуваалцах болно. Манай клуб сурч мэдэх чин хүсэл эрмэлзэлтэй дизайнер болох мөрөөдөлтэй хүүхэд бүрт нээлттэй. Манай клубын Exclusive Fashion Group гэсэн пэйж хуудас байгаа. Энэ хуудсанд нэгдэж мэдээлэл аваад бүртгүүлж орох боломжтой.

-Баярлалаа.Та бүхний ажилд амжилт хүсье

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН