Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын дэргэдэх зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.22/ болж, зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тус хуралдаанд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Өнөрбаяр Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан тус газрын дүрэм, бүтцийг танилцуулсан бол Ажлын албаны дарга Н.Лхагвадорж салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг арилгах, давхардлыг бууруулах, мөн хяналт, удирдлагын нэгдсэн цахим систем (shilenkhyanalt.gov.mn)-ийг шинэчилж, хэвийн, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Мөн хуралдаанд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Ажлын албаны 2025 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөө, салбарын хяналтын улсын байцаагч нарын болон хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг албан тушаалтнуудын тоон мэдээллийг танилцуулав.