Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр өнөөдөр /2025.03.10/ Салбарын хяналтын газрын дарга нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Өнөрбаяр, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын зөвлөх Б.Мөнхболор нар болон бусад албан тушаалтнууд оролцов.

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үр нөлөө, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулах, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, шийдвэр гаргах үйл явцыг үр дүнтэй зохион байгуулах, мөн эрхлэх асуудлын хүрээнд хууль ёсыг сахиулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.

Салбарын хяналтын газрын удирдлагууд нэгдсэн удирдлагаар хангах, салбар хоорондын уялдааг хангах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар болон бусад асуудлаар саналаа илэрхийллээ.