Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр салбарын хяналт шалгалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт болон Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны тайланг Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанд танилцуулав.
2024 онд нийт 64,168 объектод хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс 14,964 нь төлөвлөгөөт, 12,031 нь төлөвлөгөөт бус, 37,173 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт байв. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 13,759 объектод хяналт шалгалт хийсний үр дүнд 62,609 зөрчил илрүүлсэн бол 1,205 объектод хяналт шалгалт хийгдээгүй байна. Харин төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 12,031 объектод хийж, төлөвлөгөөний биелэлт 92%-ийн гүйцэтгэлтэй байсан талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Хяналт шалгалт хийгдээгүй шалтгааныг тодруулахад 367 нь үйл ажиллагаа явуулаагүй буюу зогсоосон, 13 нь улсын байцаагч байхгүй, 825 нь бусад шалтгаан буюу цаг агаарын нөхцөл байдал, шатахуун, унаа, томилолтын зардал шийдэгдээгүй, өргөтгөл, засвар хийж байгаа гэх шалтгааныг дурджээ.
Мөн онд хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар нийт 15,578 зөрчлийг илрүүлэн (76.09%) 11,854 зөрчлийг бүрэн арилгасан бол урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 35,593 зөрчлийг илрүүлж, 11,399 зөрчлийг арилгасан буюу 32%-ийн гүйцэтгэлтэй байв.
Тус онд илрүүлсэн нийт зөрчил 113,780 байхад зөрчил арилгалт 59,535 буюу 52.3%-ийн гүйцэтгэлтэй байгаа тул цаашид салбарын хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил арилгалтыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын байгууллагын уялдаа холбоог сайжруулах шаардлага тулгарч байна.