Нүүр хуудасМэдээ“ХӨДӨӨ АЖ АХУЙН МЕНЕЖМЕНТ, ЭКОЛОГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ” ТӨСЛИЙГ ЕВРОПЫН ХОЛБООНЫ 4.2...

“ХӨДӨӨ АЖ АХУЙН МЕНЕЖМЕНТ, ЭКОЛОГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ” ТӨСЛИЙГ ЕВРОПЫН ХОЛБООНЫ 4.2 САЯ ЕВРОГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужатай Европын холбооны санхүүжилтээр хамтран хэрэгжүүлэх шинэ төслийн асуудлаар санал солилцлоо.

Монгол улсын иргэдийн хүнсний хангамж болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг шинэлэг, ландшафтын түвшний удаан хугацааны тогтвортой менежментийг хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх, чадавхыг нь нэмэгдүүлэх зорилготой төсөл нийт 4.2 сая еврогийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ-д үндсэн 2 зорилгын хүрээнд хэрэгжүүлнэ.

Үүнд:

  1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын ХХААБ хамтран “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хөдөө аж ахуйн ландшафтын түвшний менежментийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай уялдуулах” зорилгын хүрээнд 1.65 сая еврогийн санхүүжилттэй.
  2. “Зорилтот сумдын ойн нөөц болон биологийн олон янз байдлын менежментийг ландшафтын түвшинд тогтвортой хэрэгжүүлэх чадавх сайжруулах” зорилгоор 2.6 сая еврогийн төсөвтэйгөөр БОАЖЯ, Германы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтарна.

Төслийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Жавхлант гэсэн 6 суманд 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан төслийн ач холбогдол өндөр, үр өгөөж нь бодит байх тал дээр ихээхэн анхаарч байгаагаа уулзалтын эхэнд онцлоод  төсөл хэрэгжихтэй холбоотой дараах саналуудыг тавилаа.

  1. Ойн тогтвортой менежментийг сайжруулах, орчин үеийн техник хэрэгслээр хангах, төсөл хэрэгжих орон нутгийн иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодит ажил болох ёстой.
  2. Ойн сангийн нөөцийг нэмэгдүүлэх, ойжуулалтын зардлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана.
  3. Төсөл хэрэгжих хугацаанд гарах бүхий л зардлыг төслийн төсөвт багтаан тооцоолох, бичиг баримтад тусгасан байх нь зүйтэй.
  4. Төслийн гэрээг үзэглэхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг оролцуулах гэсэн үндсэн асуудлуудаас гадна ойн нөөцийг тогтоох, ойн нормативыг шинэчлэх гэх мэт судалгааны ажлыг өнгөрсөн хугацаанд нэлээд хийсэн. Тиймээс судалгаа, шинжилгээ гэхээсээ илүү бодит ажилд төслийн төсвийг зарцуулах саналтай байгаагаа онцоллоо.
  5. НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Н.Уртнасан сайдын тавьсан саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлээд дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, гэрээнд хэрхэн тусгах боломжтойг зөвшилцөн ойрын хугацаанд эргэн уулзахаар болсон юм.

Түүнчлэн салбарын сайдын ойн нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлж, ихээхэн анхаарч, санал санаачилга гаргаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2021 оныг “Жимс жимсгэнэ, хүнсний ногоо”-ны жил болгон зарласантай холбогдуулж 10-р сард Үндэсний мод тарих өдрөөр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН