Шинэ оны босгон дээр дэлхийн 30 орчим орноор аялаж, ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа нэгэн цовоо сэргэлэн, дайчин хөдөлмөрч бүсгүйтэй ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна. Бидний цөөхөн Монголчууд дэлхийн олон оронд гайхалтай сайхан хөдөлмөрлөж, гэр бүлээ авч явж, эх орноо гэсэн бодлыг сэтгэлдээ тээн явдаг билээ. Тэдний минь нэгээхэн хэсэг болж яваа Т.Хөвсгөлдалай гэх сонин содон сайхан нэртэй бүсгүйтэй олон зүйлсийн тухай ярилцлаа. Шинэхэн ярилцлагаа шимтэн уншсанд баярлалаа. Эрхэм уншигч, үзэгч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.
- Хэдэн онд хаана төрсөн бэ?
Юуны өмнө шинэ оны босгон дээр миний ярилцлагыг уншиж байгаа Монголчууддаа, хайртай гэр бүл, дотны бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Олон оронд байгаа элэг нэгт ахан дүүсээсээ онцлох надтай ярилцаж байгаа Манд.мн сайтын хамт олондоо баярлалаа. Өөрийгөө танилцуулахад Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Арваннэгдүгээр сарын 10- нд миний төрсөн өдөр болдог \инээв\. Насаа эмэгтэй хүн хамаагүй хэлж болдоггүй гээд манай аав, ээж хэлдэг болохоор үлдээчихье.
- Аан Хөвсгөлд төрсөн учраас Хөвсгөлөө гэдэг нэртэй болсон юм байна шүү дээ. Айлын хэд дэх хүүхэд вэ, бага насны дурсамжаасаа хуваалцвал…
Би 6 хүүхэдтэй айлын 2 дахь охин болж төрсөн. Хүүхэд насны дурсамж гэвэл өлгийтэй байхаасаа л хол хол аялж эхлэсэн хүн юм байна лээ шүү. Зургаан сартай байхад аав, ээж маань Хөвсгөл аймгаас Дорнод аймаг руу илгээлтийн эзэд болж манай том эгч бид хоёрыг аваад Дорнодын төмөр замд ажиллахаар очсон. Тэр цагаас хойш би Дорнодоор овоглодог болсон гэхүүдээ. Зургаан сартай хэлд ч, хөлд ч ороогүй байхаасаа л тэндэхийн жижигхэн Индиануудтай шороон дээр хөлбөрч, нутгийн шороог идэлцэж , тоглож, инээж, уйлж, тоглоомоо булаацалдаж, ноцолдож, зодолдож, тэврэлдэж хөлд орж нутгийн индиануудын нэг болсон байдаг юм даа.
Хүүхэд насны дурсамж гэвэл сургуульдаа алхаж ирж очдог байсан үе. Өглөө болгон сургуульдаа явахдаа манай сумын радио чанга дуугараад, өглөө бүр радио сонсоод л алхдаг байж. Хичээл тараад л гэр лүүгээ алхдаг үе, цасаар байлдаад л тоглоод л явдаг байж. Бас шинэ жил болохоор нэг их гоё онц дүнтэй дандаа өвлийн өвөөгөөс бэлэг авдаг байж. Авахын тулд бас хичээдэг байлаа. Би их хичээл зүтгэлтэй шартай охин байсан л даа. Намайг жаахан байхад онц дүн тавьдаг байсан багш нартаа маш их баярлаж явдаг шүү /инээв/. Шинэ жил дөхөхөөр урлагийн үзлэг болдно оо, гитар тоглоно, ёочир, ятга тоглоод бас хөгжмийн аварга болоод л бас шагнал бэлэг авдаг байлаа. Хүүхэд байхад алим, мандарин бол шинэ жилээр л авдаг тансаг үнэр байж. Нэг их гоё Орос алим үнэртээд л гоё шүү. Олуулаа өссөн болохоор их нийтэч, хүн амьтны арга эвийг их олж сурсан санагддаг. Аав маанв төмөр замын точка хариуцсан, хамт олон удирддаг тэндээ дарга байлаа. Дүрэмт хувцас өмсдөг болохоор зарим ангийн хөвгүүд даргын охин, цагдаагийн охин гээд болгоомжилдог байсныг санахад сэтгэлд дотно их хөөрхөн дурсамж болж үлджээ.
- Манай Хөвсгөлөө ямар сургууль төгссөн бэ?
Дорнод аймгийн Чойбалсан сумын 10-н жилийн дунд сургууль , дараа нь Монгол мэдлэгийн Их сургуульд Герман хэлний орчуулагчаар, Дараа нь ХИС – Хэл судлаач, орчуулагч, дараа нь Бизнесийн удирдлагын магистраар. Тэгээд сүүлд ХБНГУ-д Анагаахын чиглэлээр сурч Сувилагч болсон доо.
- Багын мөрөөдөл нь юу байсан бол?
Жүжигчин , хуульч, эмч гээд их олон мэргэжилтэй болно гэж боддог байсан. Бас дэлхийн орнуудаар аялж үздэг байсан дуртай кинонуудынхаа баатруудынхаа нутаг усаар орж гардаг дэлхийгээр аялдаг хүн болно гэж боддог байлаа. Бас баян хүн болно ч гэж боддог байлаа шүү дээ(инээв ). Гадаад кино үзэхээрээ тэр жүжигчид шигээ нэг л гоё үзэсгэлэнтэй хөөрхөн эмэгтэй болно гэж боддог байлаа. Гадаад хэлээр яриад л тэд нар шигээ гадаадад амьдардаг хүн болно гэж боддог байлаа.
- Тэр хүсэл нь биелжээ. Олон мэргэжил эзэмших болсон шалтгаан юу байдаг юм бол?
Би дээр дурьдсан мэргэжлүүд эзэмшсэнээс гадна өөрийнхөө хувь хүнээ хөгжүүлэх үүднээс , олон зүйлийг олон талаас нь харах, хувирах чадвартай хувь хүн байхыг хүсдэг учраас өөрийн хүсэл хоббигоо дагаад, өөрийнхөө юу хүсэж байгаагаа, юу хүсэж байгаагаа мэдэхийн тулд зав зайгаа ашиглаад уранхай цоорхойгоо хүн царай алдахгүй нөхөөд өмсчихдөг байя гээд оёдолчин, хэрэгтэй үед өөрөө өөрийгөө арчилчихдаг цаг хэмнэчихдэг дажгүй бүсгүй байя даа гэж бодоод үсчин, гоо сайханч, гэрийнхээ болон өөрийнхөө санхүүг ойлгочихдог хүн байя гээд нягтлан бодогч, хэл усаа сайжруулъя өөрийгөө хөгжүүлье дэлхийн хүмүүстэй уулзаж, Монгол улсаа дэлхийд жаахан ч гэсэн сурталчилж хувь нэмрээ оруулдаг нэгэн байя гэж Аялал жуулчлалын хөтөч гэх мэт дагалдах мэргэжлүүдийг эзэмшсэн. Одоо хүний газар ажиллаж амьдарч байгаа надад бол аль, аль нь маш их өгөөжтэй хэрэг болж байна даа.
- Одоо яг ямар мэргэжлээр аль улсад ажиллаж амьдарч байна?
Одоогоор Европдоо нилээн нэр хүндтэй топ эмнэлгүүдийг нэгтгэсэн ХБНГУ-ын нийслэл Берлин хотын хамгийн том эмнэлэг гэгддэг “Vivantes” концерны нэгэн салбар эмнэлэгт сувилагч мэргэжлээрээ дагнан ажиллаж байна. Цалин мөнгө нь ч дажгүй юм. (инээв) Vivantes концерн нийт 9 эмнэлэгтэй, 18 асрамжийн газартай, 2 том өндөр настнуудын амьдрах газартай.
- Гэр бүлээ товч танилцуулаач…
Миний нөхрийг Юргэн гэдэг. Эдийн засагч, даатгалын чиглэлийн мэргэжилтэй. Их халамжтай, намайг ойлгодог, дэмжиж байдаг, миний сайн ар тал болж байдаг их сайн хань байдаг даа.
- Монголд амьдрах үеийн дурсамж ажил хөдөлмөр эрхлэхэд тулгардаг байсан бэрхшээлээ эргээд яривал…
Монголдоо байх мэдээж их гоё сайхан. Тэнд миний хамаг сайн сайхан найзууд, гэр бүл, хамгаас хайртай аав, ээж минь байна. Корона гараагүй байхад их дураараа гэр орон нутаг усаа санадаг байж. Санах тоолондоо дураараа нисээд оччихдог байж. Хүүхэд нас, оюутан цаг, найз нөхөд, ажил төрөл гээд мэдээж их гоё сайхан дурсамжууд их бүтээсэн байдаг ч одоо бол цаг цагаараа байдаггүй гэдэг шиг энэ Германдаа бүр уусан дасаж байна шүү дээ. Монголд байхад ажил хийдэг байхад ажил эндэх шиг 05,06 цагуудад эхлэдэггүй байсан болохоор нээрээ дураараа унтаж амарчихаад, дуртай цагтаа босдог нь сайхан байж. Нэг л сайхан налайгаад л, дуртай үедээ ажиллаад, дургүй үедээ амарчихдаг амар байж. Тулгардаг байсан бэрхшээл гэвэл ер нь танил тал, сайн хамаатан садангүй бол ер нь ажил хэрэг бүтээхэд их хэцүү, нэг л их олон хүмүүсийн, найзуудын, танилуудын сүлжээгээ ашиглахгүй бол гуйлга, хахууль дамжихгүй л бол бүр ажил урагшилдаггүй. Бас манай зарим хүмүүс цаг барьдаггүй, бас их худлаа ярьдаг, чадахгүй юм амлаж ажилд их садаа болдог. Бас Дэд бүтэц бол бүр НОЙЛ. Ажил амжуулах гээд ийш тийшээ явах гэхээр дандаа л нэг газраа гэрлэн дохион дээр таг бөглөрөөд, цаг алдана. Манай улсын Төрийн албаныхан их хүнд сурталтай байдаг байсан. Одоо сошиал медиа нээлттэй болсноор хүмүүс бас сайжирсан байх гэж найдаж байна. Үгүй бол над шиг шаардлага өндөртэй, иймэрхүү юмыг өөгшүүлэх дургүй хүмүүс тэсэхгүй шууд шууд лайвдаад газар дээр нь хариуг нь өгөөд явах байх бас тэгсэн нь дээр ч гэж бодож байна /инээв/.
- Тэр ч нээрээ тийм байх шүү. Өмнө нь явуулж байсан бизнесийнх нь тухай сонирхвол…
Аан зүгээр жижиг дунд бизнес эрхэлж явлаа. Жижиг хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг юм ажиллуулдаг байлаа. Ээжтэйгээ хамтраад энд тэнд хөөрхөн ажиллуулдаг байсан. Бас жижиг сажиг бараа таваар урд хойноос авчирдаг байлаа. Найз нөхдүүдтэйгээ хамтарч гоо сайхан гэх мэт хийж байлаа. Бас аялал жуулчлалын чиглэлээр жуулчид Монгол орондоо авчрахад, тэдэнд эх орныхоо сайхныг харуулчих гээд л эх орноо эергээр рекламдах ажил хийж явлаа (инээв ).
- Юм, юм хийж үзсэн бүсгүй бололтой юм, хүн амьдралынхаа туршид өөрийн хийх ажил байх байх ёстой газраа эрэлхийлж байж үнэ цэнэтэй бүхнээ бүтээдэг байх өөрийн чинь хувьд…
Энэ их гоё асуулт байна. Маш олон юм бодогдуулж байна. Энэ талаар бараг ярих юм бол нэг өдөр ч багадахаар байна шүү. Ер нь бол би нэг их эрсдэл үүрэх дургүй төрлийн хүн юм билээ. Одоо Корона гараагүй сайхан үед л болоод л байдаг байсан. Тэгсэн хэрнээ л хэдэн төгрөгөө өсгөхийн тулд тэгчих болов уу, ингэчих болов уу, алдагдалд орчих боловуу, тэнд юм гацчих болов уу, тэр бараа маань муудчих боловуу гээд сэтгэл санааны хувьд их тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй байдаг юм билээ. Ер нь бол тэр санаа зоволт миний хийх зүйл биш байсан учраас би түр зогсоосон. Зүгээр гоё өөрт оноогдсон ажлаа хариуцлагатай хийгээд явж байх шиг амар амгалан илүү сайхан байсан юм байна шүү дээ гэж одоо хийж байгаа ажилдаа шунан дурлаж байна. Хийх ёстой даалгавраа өдрийн 8 цагтаа ажиллаад л, гэртээ хариад л яах бол, ийх бол гэсэн санаа зоволтгүй унтаж амарна гэдэг үнэхээр их жаргал байдаг даа. Бас гэр бүлдээ цаг гаргаж байна. Ажлаа тараад л ажилтай холбоотой юунд ч санаа зовохгүй, сар болгон ямар нэг зүйлээс хамааралгүй тогтмол орлоготой байх нь илүү таалагдаж байна. Бас хүн нэг их их баян цатгалан байх шаардлага угаасаа байдаггүй юм байна гэдгийг өдөр бүр ухаарч байна. Монголд байхдаа баян болохын тулд , эд хөрөнгөө арвижуулахын тулд амьдраад байдаг байсан юм байлээ. Германд ирээд тайван, аз жаргалтай байхын тулд ажилладаг болсон байна лээ (инээв). Дуртай бөгөөд тогтсон ажил, тогтмол орлого, сэтгэл хангалуун байхад их нөлөөлдөг юм байна. Тэр тусмаа эмнэлэгт ажиллаж байгаа надад бол амьдрал болон үхэлтэй тэмцэж байгаа хүмүүсийн амьдралыг харахаар л амьдралын утга учир маш энгийн зүйлд байдгийг харж мэдэрч байна.
- Гадаад оронд амьдраад хэдэн жил болж байна?
Ирж, очиж амьдраад бараг 22-23 жил болжээ. Яг суурьшаад 6 жил болж байна даа.
- Ямар, ямар орноор аялаж үзсэн бэ, аялах бүртээ ямар сэтгэгдэлтэй үлддэг бол?
Би 30 орчим орноор аялсан байна. Хамгийн сэтгэлд үлдсэн сайхан орон бол Африк улс байсан. Их олон ядуу хүмүүс байдаг ч гэсэн их гоё өөдрөг цоглог авьяаслаг час хийсэн ард түмэн. Байгалийн гайхамшиг, кинон дээр л харж байсан амьтнуудаа ойроос харна гэдэг их гоё байлаа. +40 градуст анх шинэ жил, зул сар тэмдэглэж байгаа нь их өвөрмөц гоё байсан л даа. Цагаан арьстай хүмүүст их хүндэтгэлтэй ханддаг. Том дэлгүүр, ресторанд орохоор машинтайгаа очиход 5 одтой зочид буудалд бууж байгаа мэт л шууд л “Madame” гээд л машины хаалга онгойлгож өгдөг нь их хөөрхөн. Бас шууд л гутал арчаад л. Эхлээд их санаа зовоод сүүлдээ ч бүр дассан л даа. Улс орон бүр их гоё өөр өөрийн онцлог сайхан зүйлүүдтэй. Итали, Ром бол үнэн гоё. Шууд л Клеопатра Цезарь -2 нүдэнд харагдах шиг л болсон. Ардчиллын, Философийн, Европын соёлын өлгий нутаг Грек улс, Арабын Эмират тансаг сайхан Дубай үгээр хэлэхийн аргагүй. Дэлхийн загварын болон Гоо зүйн чиг хандлага гэгддэг Хайрын хот Парис гээд гайхалтай сайхан дурсамжууд амьдралдаа бүтээжээ. Амьдрал бол аялал юм гэж анх 1999 онд ХБНГУ-д хол тавьж байхдаа л хэлж байж. Манай нэг Словак найз охин 4 жилийн өмнө хэлж билээ. Би тэр үед найз охиндоо нэг зураг дурсгахдаа энэ үгийг бичиж өгч байсан гэнэ хөөрхөн. Чи нээрээ энэ зарчмаараа л амьдраад байх хүн юмаа гээд л инээж байсан. Мэдээж эргэн тойрныхоо Европын орнуудаа бол дуусгах гээд л байна. Хүүхэд байхдаа “Хатан Хаан СИСИ” киног үзэж байхдаа л би заавал энэ хэлээр ярьж чаддаг болно. Бас би заавал Хатан хаан СИСИ-гийн ордноор орж үзнэ гэж мөрөөддөг байлаа. Клаудиа Шифферийн ярьдаг хэлийг эзэмших юмсан гэж битүүхэн мөрөөддөг байлаа. Ер Хөвсгөлөөгийн амьдрал бол тэр чигээрээ мөрөөдлөөрөө амьдраад байгаа нь гоё. Ер нь амьдрал их сонин бас гайхалтай. Миний өнөөдрийг хүртэл мөрөөдсөн бүхэн биеллээ олсон байдаг юм. Тиймээс дандаа гоё юм бодож санаж явах хэрэгтэй. Заавал биеллээ олдог юм шүү гэж хэлье.
- Монгол орноо бусад улс оронтой харьцуулбал…
Манай Монгол орон бусад орныг бодвол дэлхийн олон бужигнаан, нүргээн, үймээн самуунаас алслагдсан, аюул багатай, их гоё тайван амгалан орон. Сайхан байгаль дэлхий, час хийсэн сайхан 4 улиралтай. Нүүдэлчин соёл маань байсаар байгаа нь их гоё. 4 зүгтээ бас 4 өөр байгалийн бүтэцтэй. Ард түмэн нь их гоё хаана ч дасан зохицох чадвартай, хүмүүс нь бас их уужуу, зочломтгой, тусархаг, найрсаг, гэр бүлсэг гээд их гоё манай орны эерэг сайхан зүйлүүд байдаг шүү.
- Монголдоо ирэх хүсэл байдаг байдаг болов уу, гадаадад олон жил болсон хүмүүс бараг л ирэхгүй байна
Ер нь бол Монгол явна аа. Одоогоор Жоликыг /охин нь/ ямар ч байсан “Гимназюм”-ыг нь төгсгөх хэрэгтэй. Охин нэлээн том болчихвол Монгол, Герман дундаа амьдраад явчихна байх гэж боддог доо. Монголдоо хийх юм бодсон зүйлүүд бас байгаа. Хайртай аав ээж минь, ойр дотны хүмүүс минь байгаа учраас би бол Монголдоо татагдсаар л байх болно.
- Монгол улс хөгжихгүй хоцрогдол ихтэй байгаагийн шалтгааныг юу гэж боддог вэ?
Манай улс төр, удирдлага, дэд бүтэц бол дэлхийд хоцрогдмол байсаар байгаа нь маш харамсалтай. Бас худалдаа үйлдвэрлэл, импорт талаасаа хэтэрхий их хөрш орнуудаас хамааралтай байгаа нь манай улс өөрсдөө хийж бүтээх арга замаа хаагаад байх шиг. Бас хэтэрхий их бусдын гар хараад, бэлэн юм хэрэглэх гээд байдаг сэтгэхүйг болих хэрэгтэй. Албаны ажил бүгд бас хамаатан садан найз нөхдийн хүрээнд л явагддаг нь бусад улстай харьцуулахад хэтэрхий дундаа орсон эмх замбараагүй харагдаад байдаг. Манай Монгол улс өөрийн гэсэн жижиг дунд бизнесээ дэмждэг байх хэрэгтэй юм шиг. Сая сонсож байх нь ээ бас Коронагаас болоод хил хаалаа гэхэд л идэх жимс, ногоо нь тасалдаад ирж байгаа нь манайхан өөрсдөө одоо үйлдвэрлэх хэрэгтэйг сануулсан дохио өгч байна шүү дээ. Манай нэг Сингапур Бизнесмэн найз надад одоогоос 10 жилийн өмнө Улаанбаатарт замын бөглөрөлд 2 км газарт 3 цаг гацах зуураа хэлж байлаа. Монгол улсын Хөгжил яагаад ийм удаан байгаа нь яг энэ, танай улсын хөгжил энэ бөглөөтэй эвдэрхий зам дээрээ гацаад байна. Би энд гацсан 3 цагт хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурдаг. Хэд хэдэн газар лекц уншсан байдаг гэж хэлж байсан.
- Залуус ер нь гадаад улс оронд хэдэн жил болж ажиллаж амьдарч суралцах нь зөв юм шиг ээ…
Эхлээд мэдээж Монголдоо хэлний суурь мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Хэлтэй бол хөлтэй гэдэг шүү дээ. Хэл хэдий чинээ сайн байна, төдий чинээ аль болох хурдан гарах хэрэгтэй. Хүн гадаадад, өөр оронд аав ээжээсээ хол амьдарч үзэж байж өөртэйгээ, нэг ёсондоо хувь хүнтэйгээ танилцаж бас юу хүсэж байгаагаа мэдэж эхлэдэг санагддаг. Хүний газар хүн зөвхөн өөртэйгээ л тулж ажиллаж эхлэдэг. Бие дааж сурдаг. Зорилгоо таньж эхлэдэг. Мөнгөтэй харьцаж сурдаг. Нэг ёсондоо Жинхэнэ БИ гээ мэдэрдэг. Бас би хаана байх ёстойгоо, шийдвэрүүдийг зоригтой хийж эхлэдэг. Тиймээс залуу байгаа дээрээ боломж, снхүүгийн асуудал гайгүй бол болж л өгвөл эртхэн гарч үзээсэй гэж хэлнэ дээ би.
- Олон хүнд туслахыг хичээдэг бололтой энэ сэтгэлээ үйл хэрэг болгож чадаж байна уу?
Миний аав ээж, эгч дүү нар ер нь бусдад их тусламтгай, хүнтэй хуваалцдаг, өглөг өгдөг буянтай хүмүүс байдаг юм. Ер нь дээр үед л Траншений хүмүүс гэж байх үеэс л тэр хүмүүст хоол хүнс, хувцас гэх мэтээр жижиг сажиг хандивын ажил хийдэг байсан. Дараа нь ядруухан амьдардаг танил найз нөхдүүддээ амьдрах гэр, орох орон хандивлаж туслах ч юмуу, сургалтын төлбөрийн боломжгүй ч сурах эрмэлзэлтэй хүмүүст сургалтын төлбөрт хандивлах, гэр хороололд байдаг нүүрс түлээгүй хүмүүст бас хоол хүнсийг боломжоороо өгөөд одоо бараг 20 жилийн ой нь болж байна даа.
- Эмэгтэй хүн хүчтэй байхдаа гоё. Гэхдээ тэр хүчтэй гэдэг үгийн цаана их өргөн агуулга явж байгаа шүү, өөрийг чинь бас тэгж хараад байх юм..
Би ер нь хар багын л өөртөө их итгэлтэй, өөртөө их сэтгэл хангалуун нөхөр товариш байсан. Тэр маань улам даамжирч байна даа(инээв ). Миний эргэн тойрныхон, гэр бүл, найзууд, бас ганц 2 тааралдсан хүмүүс яг энэ хүчтэй гэдэг үгийг надад хэлдэг. Чи эсвэл та их хүчтэй энэргитэй эмэгтэй шүү гээд. Манай эгч болохоор чи арай хэтэрхий шүү гэдэг (инээв ). Манай найзууд бас таарахгүй хэд хонохоороо хүүе хүүхээ уулзъя аа, чиний энергийг санаад байна гээд. Ойрдоо нэг сонин байна аа, эрч хүчээ авмаар байна аа гээд сонсох бас их гоё байдаг. Би ер нь их галзуу хүн. Бас их сайн зөвлөгч, сонсогч, шоудахад цоглог хамтрагч (инээв ). Уриалагч, уруу татагч нь гэхдээ зөв зүг рүү шүү (инээв ). Манай найзууд бас хамгийн сайн шоу менежэр гээд байдаг шүү (инээв ). Энэ талдаа их авьяас юм шиг байгаа юм. Энэ тухай яриад санасан найз нөхдүүдээ бодоод дурсаад авлаа. Дандаа намайгаа, сайн талыг маань мэдрүүлж сануулж байдагт та хартаа баярлаж явдаг шүү. Мэдээж хүн бүр сул талтай. Би хааяадаа их дураараа, хэт өөрийнхөөрөө, бусдыг өөрийнхөөрөө байлгах гээд байдаг, бас хааяа дураараа. Хэт өөртөө итгэлтэй болохоороо миний сул талыг болон миний дотоод жижиг Хөвсөөкийг жаахан шүүмжлэхээр сонсох дургүй. Шууд хамгаалах, өөрийгөө өмөөрөх санаатай (инээв ). Ер нь их дураараа, өөрийнхөөрөө. Гэхдээ энэ зангүйгээр би бол өөрийгөө төсөөлж чадахгүй байна. Энэ зан маань надад маш их тусладаг, намайг хамгаалж байдаг, надад бас ахих боломж олгодог. Би ер нь сул тал болох зан чанаруудаа болж өгвөл өөрлүүгээ онилж, өөрийгөө хурцлахад, өөрийгөө хөгжүүлэхэд ашигладаг. Жишээ нь, хор шартай байлаа гээд хүн амьтантай урцалдаж цаг алдаж нервтэж байснаас, “Хөвсөөк чи чаддаг юм бол энэний ард гарчихаач, тэрийгээ эхлэчихээч зүгээр л бодоод явсаар 2 сар боллоо шүү дээ хө гэж дотоод хүнээ малтаж эхлэдэг дээ(инээв ). Мэдээж эмэгтэй хүн хүчтэй сайн явахад , аз жаргалтай, өөрийнхөөрөө амьдрахад сайн хань маш чухал. Миний хань бол яг л тийм хүн. Бүх зүйл дээр дэмждэг, эрхлүүлдэг, зориг оруулж байдаг. Хүссэн бас чаддаг, өөрийн гэсэн дуртай мэргэжилтэй, ажилтай байх нь чухал. Бас эмэгтэй хүн ямар ч үед их бага хамаагүй заавал өөрийн гэсэн орлоготой байх ёстой. Тодорхой хэмжээний санхүүгийн эрх чөлөөтэй байх хамгийн гоё. Эмэгтэйчүүд бид угаасаа цаанаасаа дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх дуртай байдаг шүү дээ тэ. Бас шоппинг хийж мөнгө үрж байж сайхан ааштай болж байдаг биз дээ. Тэр үрэх мөнгөө өөрөө олдог байхаар бүр гоё байдаг шүү (инээв ). Бас гоё хоббитой байх хэрэгтэй. Гоё найз нөхөдтэй байх хэрэгтэй. Цөөхөн час хийсэн маш чанартай найзууд гоё, би дуртай. Тэрнээс биш хүн бүртэй сайн найз, сайн аниа, сайн дүү нь байх гээд зүтгээд байдаг алиа салбадай шиг хүмүүсээс хол байх хэрэгтэй. Тэр ч найз, энэ ч найз гэж хэдэн тийшээ хаашаа л бол хаашаа, салхи шиг, хамхуул шиг үсрээд байдаг хүмүүсийг харж байхад маш их ганцаардал, хоосон орон зай, дутуугийн синдром нь арилаагүй, сэтгэл зүйн тогтворгүй байдалтай , хувь хүн нь төлөвшөөгүй их хэцүү харагдаад байдаг. Тийм хүмүүсээс аль болох хол байхыг хичээдэг. Тэд аюултай санагддаг. Жинхэнэ ховын хутгуурууд байх жишээний. Ер нь бол Хилэнцийн ордныхон их мэдрэмжтэйгээрээ алдартай шүү дээ. Нүдийг нь хараад л урд суугаа хүнтэй 5-10 мин болоход л хэн бэ? гэдгийг нь мэдчихдэг. Бас дээр нь би өөрөө их мэдрэмтгий, их өндөр мэдрэмжтэй хүн. Хааяа яг бөө шиг (инээв ). Үзэж хардаг хүмүүс надтай таарахаараа шууд өөрсөдрүүгээ урвуулж авчих гээд байдаг. Чи манай талын хүн байна шүү дээ гээд(инээв ). Надад хэн нэгэн бас худлаа ярих ямар ч боломжгүй. Би шууд л үнэрлэчихдэг. Яг л мөрдөн байцаагч Деррик агаа шиг(инээв ). Гоё хүмүүс бол андашгүй байдаг даа. Цаанаасаа л тогтсон, төлөв, таван үг солиод өнгөрөхөд гоё энерги үлдээсэн байдаг. Тийм нэгэн байх л гоё.
- Цаашдын зорилго, улс орноо хөгжүүлэхэд хувь хүний зүгээс ямар бодолтой байдаг бол?
Зорилго гэвэл яваандаа эрүүл мэндийн чиглэлээр сурах сонирхолтой олон хүмүүс надад хандсан байгаа.Тиймээс Германд ирэх сонирхолтой залуу үеийнхэндээ гүүр нь болж, чиглэлээ зөв тавих тал дээр нь туслах талаар төлөвлөсөн ажлууд байгаа. Бас зорилго болгон судлаад эхлэсэн овоо хэдэн юм байгаа, тэрийгээ хэрэгжүүлэх болно. Хэлэхээр бүтэхгүй болчихож магадгүй учраас бэлэн болох үед нь хэлнэ ээ. Улс орны хөгжлийн тухайд бол Монгол ахан дүүс маань сонгуулиа зөв хийж, улс орныхоо тулгуур багана болох хүмүүсээ л зөв сонгож эхлэж байж сая Монголын хөгжлийн тухай ярьж эхлэхээр байна даа. Одоогийн энэ Засгийн газрын бүрэлдэхүүн бол үнэхээр 90 хувь хангалтгүй байна гэж харагдаад байгаа. Улс орон маань бүр болохоо байлаа. Хийж чаддаггүй хүмүүс дээр морилсон байна. Манайд сонгуулийн сурчилгаа маш сүржин даржин болдог хэрнээ , сонгуулийн дараахь байдал яг эсрэгээрээ. Улс орны ядуурал нэмэгдсээр, дэд бүтэц дордсоор байгаа нь сонголт буруу хийгдсэний том баталгаа нотолгоо. Маш харамсалтай. Дээр дурдсанаар Жижиг дунд бизнэсээ, чадалтай хувь хүмүүсээ тултал нь дэмжээд өгөх хэрэтэй. Зээлийн хүүгээ багасгах хэрэгтэй, залуу хүмүүсээ сайн дэмжих хэрэгтэй, урд хөршөөс вок савангаа, оймс гутлаа зөөх биш өөрсдөө дотооддоо үйлдвэрлэж, тэрнийхээ хэрээр ард иргэдээ ажлын байраар хангах хэрэгтэй. Мөнгийг гадагшаа гаргах замаа багасгаж, дотроо эргэлдүүлж өсгөх боломжтой арга замыг хайх хэрэгтэй гэж бодогдох юм. Дэлхийд тэргүүлэгч орнууд, хурдан хөгжиж байдаг орнуудыг харахад тэд өөрсдөө үйлдвэрлэгч орон байдаг. Монгол улс маань хөгжих арга зам нь өөрсдөө хийж, урлаж бүтээснээр дотоодынхоо орлогыг өсгөх боломжтой харагддаг даа. Банкууд зээлийн хүүгээрээ бас ард иргэдээ залхаан цээрлүүлж, ядрааж, зовоож, тарчлаах хэрэггүй байгаа юм даа. Монголын банкны зээл бол өөрсдийнхөө иргэдэд маш ээлгүй, харгис зүйл харагддаг харамсалтай санагддаг.
- Шинэ жил гарах гэж байна. Амьдарч байгаа Герман улсад нь яаж баярладаг вэ?
Зул сарын баяр шинэ жил бол энд хамгийн гоё баяр байдаг. Гэр бүлийн ойр дотныхон найз нөхдийн хүрээнд өргөн тэмдэглэгддэг. Зул сарын баяраар өмнөх үеэр Германд хотуудын төв хэсгээр, төв талбайгаар үзэсгэлэнтэй гэрэл чимэглэлээр гоёсон зул сарын баярын зах гардаг уламжлалтай. Зах дээр гэр бүл ойр дотныхоо хүмүүстэй, найз нөхдөөрөө, хамт олноороо зорин очдог. Тэнд цугласан хүмүүс халуун дарс буюу Глювайн заавал уухаас гадна, төрөл бүрийн шарсан халуун зайдас идэх болон өнгө алагласан тансаг амттан, гоёл чимэглэл, ээмэг бөгж, бэлэг дурсгал гээл олон зүйл худалдан авдаг. Баярын өмнөх өдөр буюу манайхнаар бол Битүүний өдөр нь хамгийн чухал өдөр нь. “Хайлигеабенд” гэж нэрлэдэг. Энэ өдрийн өглөө нь гацуур модоо гэр бүлээрээ хамт чимэглэж, гэр бүлээрээ уулзаж цуглардаг. Энэ өдөр заавал сүмд очиж мөргөл үйлддэг уламжлалт ёс заншилтай. Аан тийм сүмээс ирэхэд гацуур модныхоо дор бэлэгнүүдээ тавьсан байдаг. Сүмээс ирээд оройн зоогоо хамт идэж, гэр бүлээрээ цугласан дээрээ ярьж сууж, зураг хөрөг үзэж, дуулж хөгжимддөг үдшийг хөгжилтэй, дурсамжтай, аз жаргалтайгаар дуу шуутай өнгөрөөдөг. Баярын ширээний зоогонд голдуу шарсан галуу эсвэл нугас тавьдаг. Төрөл бүрийн салат гэх мэт.Зарим айлууд цацагт хяруул, шарсан гахай оройн зоогонд иддэг. Бас өөрсдийн гараар хийсэн янз бүрийн хэлбэр дүрстэй өнгө алаглан чимсэн жигнэмэгүүдээ иддэг. Баярын өдрүүдийн чухал амттан бол яалт ч гүй уламжлалт аргаар хийгдсэн үзэмтэй нарийн боов буюу “ШТОЛЕН” байдаг. Тэгээд л дарсаа уугаад л үргэлжүүлнэ дээ. Зул сарын баярын эхний өдөр эмээ өвөө, аав ээжийндээ айлчилснаар цаашаа үргэлжилдэг. Энэ баярын хамгийн гол утга учир нь Христийн мэндлэсэн өдрийг тэмдэглэх гэхээсээ илүү байнга уулзаад байдаггүй хүмүүстэйгээ гэр бүлээрээ хуран цугларч энэ өдрүүдийг хамтдаа аз жаргалтай, хөгжилтэй, дурсамж бүтээн өнгөрөөхийг чухалчлан үздэг. Нээрээ сонирхуулахад баярын гол бэлэг тэмдэг болсон Сүлд модыг манай Германаас гаралтай энд бий болсон гэж үздэг юм байна лээ шүү. 12.31-ний он солигдох өдрийг “Силвестер” гэдэг. Энэ орой манай Монгол шиг л гэр бүлээрээ бас гэртээ телевиз ээ үзээд баярлаж өнгөрөөдөг. Цаг агаар дажгүй дулаан байвал Берлин хотынхоо Бранденбургийн хаалга руу очиж амьд тоглолт үздэг байлаа. Одоо сүүийн жилүүдэд Корона гээд бараг гэртээ өнгөрүүлсэн нь илүү тухтай сайхан санагддаг болсон байна лээ.
- За ярилцсанд баярлалаа. Их холоос танилцаж ярилцсан гэхэд их л дотно санагдаад байх юм. Ярилцлагынхаа төгсгөлд нэмж юу хэлэх зүйл нь юу бодогдож байна.
Намайг ярилцлаганд урьсанд баярлалаа. Ярилцахад их таатай байлаа. Танай хамт олон болон Монголын сайхан ард түмэндээ, ойр дотныхондоо, хайртай хүмүүстээ бүгдэд нь, айлчлан ирж байгаа 2022 ондоо “Ганцхан л заяадаг хүмүүний амьдрал нь эрүүл мэнд, аз жаргал, баяр хөөрөөр бялхаж, зүрх нь хайраар ундарсан, амьдралын хором бүрт талархлыг мэдэрсэн, уучлалыг түгээсэн, ойлголцлыг эрхэмлэсэн, сэтгэл нь тайван, хүсэл мөрөөдөл+ Зорилго нь биелсэн, Олз омог, орлого нь ундарсан, хүссэн аялалдаа гарсан, зүрх бүхэн хайрлагдсан тийм нэг сайхан Гэгээлэг, Хийморьлог, Цоглог шинэ Онтой уулзах болтугай” гэж Хөвсгөлөө нь ерөөж байна. Бас намайг дэмжиж хайрлаж байдаг олон сайхан хүмүүстээ маш их баярлаж явдгаа дахин дахин хэлмээр байна. Удахгүй сайхан цаг ирэхээр Эх орондоо та бүхэнтэйгээ сайхан уулзах болно оо гэж хэлье дээ.