Нүүр хуудасМэдээХ.Амгаланбаатар: Хөдөлмөрийн тухай хуулийн 170 томъёоллыг өөрчлөх гэж байна

Х.Амгаланбаатар: Хөдөлмөрийн тухай хуулийн 170 томъёоллыг өөрчлөх гэж байна

МҮЭХ-оос ажилтны ажиллах, хөдөлмөрлөх эрхийг дордуулсан “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж хэлэлцүүлгийн шатандаа нэг тал дангаараа шийдвэр гаргаж, УИХ-ын хоёр дахь шат буюу хуулийг хэлэлцэж батлах процессын хувьд алдаатай үйл ажиллагаа явуулж байгааг хэллээ. Тиймээс МҮЭХ-оос энэ асуудлаар мэдээлэл хийж Үндсэн хуулийн өөрчлөлт, Үндэсний их баяр наадмын хажуугаар хүний хөдөлмөрлөх эрхийг дордуулсан нэмэлт өөрчлөлтийг “Хөдөлмөрийн тухай хууль”-д оруулахаар бэлтгэж байна гэж үзэж байгаагаа хэлсэн. Аливаа хуулийн шинэчлэл хөгжлийг авчрах ёстой байтал дордуулж 170 саналд өөрчлөлт орсон байгааг хэлсэн юм. Тиймээс цаашид ийм байдлаар энэ хуулийг хэлэлцэх юм бол тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийллээ. Ингээд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын яриаг хүргэе.

Х.АМГАЛАНБААТАР: “Ажилтны хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсан хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх гээд сууж байгаа явдалд МҮЭХ харамсаж байгаа. 2013 оноос хойш Хөдөлмөрийн тухайн хуулийн шинэчлэлийн асуудлаар нийгмийн түншлэгч талууд  МҮЭХ, МАОЭНХ, МУ-ын Засгийн газар хамтарсан ажлын хэсэг байгуулж бүтэн зургаан жил ажиллуулаад өнгөрсөн 2018-3-26 ны өдөр УИХ-д “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчлэлийн төслийг өргөн барьсан. Үндсэндээ жил гаруй хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн төсөл УИХ-ын хэлэлцэх шатанд явж байгаа. МҮЭХ зарчмын 7 заалтаар санал нийлэхгүй байсан учраас УИХ-д санал тавьсны үр дүнд дахин хамтарсан дэд ажлын хэсгийг байгуулж өнгөрсөн хугацаанд ажиллуулж байгаа. Энэ дэд ажлын хэсгийн хэмжээнд МҮЭХ-оос санал нэгдэхгүй байсан ажилтны хөдөлмөрлөх эрхийг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууулиас дордуулах гээд байсан 7 заалтын 6 заалтан дээр талууд тохирсон байсан. Нилээн үр дүнтэй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төсөл цэгцтэй, өмнөхөөс сайжирсан хууль УИХ-аар хэлэлцэгдэж батлагдах нь ээ гэсэн хүлээлттэй байсан. Харамсалтай нь гэнэт УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тхайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан ажлын хэсэг, Засгийн газар хамтарч талууддаа мэдэгдэхгүйгээр 170 орчим санал, томъёоллыг өөрчилсөн байна. Би түрүүн хэлсэн 7 асуудал дээр санал зөрүүтэй байсан бол өнөөдөр 170 асуудал дээр талууддаа мэдэгдэхгүйгээр ямар нэгэн өөрчлөлт оруулж, УИХ-ын түвшинд хэлэлцүүлэх гээд сууж байна. Энэ бол хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл биш дордсон заалтуудыг УИХ-аар хэлэлцүүлэх гээд ажлын хэсэг нь ажиллаж байна. Энэ байдлыг хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалдаг, төлөөлдөг, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн ажлыг эхнээс нь хамтарч хийсэн ажилтны төлөөллийн байгууллага МҮЭХ-оос эрс эсэргүүцэж байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн ч өнөөдрийг хүртэл УИХ-ын зүгээс, ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Мөнх-Оргилын зүгээс  ямар нэгэн хариуг ирүүлээгүй байна. Ямар нэр бүхий УИХ-ын гишүүнээс ямар санал гараад өргөн барьсан төслийн хэмжээнд 170 саналд өргөн барьсан төслийн хэмжээнд өөрчлөлт оров гэдэг тайлбар ирээгүй байна.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууь бол Үндсэн хуулийн дараа ордог  өндөр ач холбогдолтой хууль. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хууль бүх салбарт үйлчилдэг. Хаана хөдөлмөрийн харилцаа явагдаж байна энэ бүх салбарт Хөдөлмөрийн тухай хууль үйлчилдэг учраас Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэж явдаг юм. Энэ хуулийг ийм байдлаар хэлэлцүүлэх тохиолдолд МҮЭХ энэ хуулийг батлуулахгүй байх бүхий л үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлж байна.   

Ямар, ямар заалтууд дээр бид нар эсэргүүцээд байгаа юм бэ? 170 заалт нь ажилтны болон хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх ашгийг сайжруулсан бол бид нар хүлээж авна. Харин улам дордуулаад байгаа учраас бид энэ асуудлыг өнөөдөр хүлээж авах боломжгүй байна.

Ямар асуудал дээр зөрүүтэй 170 санал томъёоллыг УИХ-ын ажлын хэсэг, Засгийн газар тэр дундаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын холбогдох ажилтнуудын хамт хийсэн явж байна вэ гэвэл зарчмын зөрүүтэй саналын томъёололд ажилтанд илтэд хохиролтой хэд хэдэн заалт байна.

Тухайлбал,

– Ээлжийн амралтын үндсэн хугацааг 20 хоног болгоод, тухайн байгууллагад ажилласан жилээс хамаарч нэмэгдэл амралтыг олгоно гэдэг заалт орсон. Өмнө нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд тэдэн жил ажиллахад эсвэл тэдэн жил ажилласан хүнд нэмэгдэл хоногийн амралт өгнө гэдэг хоногийн тоог хуулиар хатуу тогтоосон байсан. Ийм хатуу заалтыг өмнөхөөсөө дордуулж оруулж байна. Хамтын гэрээгүй, үйлдвэрчний эвлэлгүй газар 20 хоногоос дээш амрах ээлжийн амралт үйлчлэхгүй нь.

– Нийт ажилтны 40%-ийг үйлдвэрчний эвлэлийн байгууллага эгнээндээ нэгтгэж чадаагүй тохиолдолд хамтын гэрээ байгуулах эрхгүй болж байна. Уг нь бол 2 ажилтан ч нэгдээд эвлэл байгуулж эрхээ хамгаалуулах эрхтэй. Гэтэл хатуу хууль тогтоож байна.

– Тухайн салбарын нийт ажилтан, ажил олгогчийн 50%-ийг хамаарч чадаагүй тохиолдолд салбарын хэлэлцээрийн үйлчлэх хүрээ хязгаарлагдмал байх нөхцөлийг бүрдүүлж байна.

– Ажилтанд олгох сул зогсолтын үеийн олговор, ажилтнаас үл хамаарсан сул зогсолт гарахад тухайн ажилтанд цалингийн 60-аас доошгүй хувиар сул зогсолтын олговор олгодог хууль үйлчилж байгаа. Тэгвэл энэ асуудлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс олгоно гэж зааж байна. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 310 мянга тэгэхээр сул зогсолтын мөнгийг 310 мянгаас тооцох нь. Энэ бол хөдөлмөрийн мөлжлөг.

Ийм мэтээр хэд хэдэн гол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 1999 оны “Хөдөлмөрийн тухай хууль”-ийг дордуулсан хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх гээд ажлын хэсэг бэлтгээд явж байгааг МҮЭХ тууштай эсэргүүцэж байгаагаа МҮЭХ-ны 21 аймаг, нийслэл, салбарын 14 холбоо нийт 36 гишүүн байгууллага, 2300 орчим ҮЭ-ийн хороод, 230 гаруй мянган үйлдвэрчний гишүүдийнхээ өмнөөс хөдөлмөрийн тухай шинэчлэлийн үйл явц УИХ-аар хэлэлцэгдэх тохиолдолд тэмцлийн үйл ажиллагааг эхлүүлнэ” гэж мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН