Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалт боллоо. Уулзалтанд ХНХ-ын сайд Х.Булгантуяа оролцлоо. Юун түрүүнд эх орны тусгаар тогтнол, хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн, эн тэнцүү ажиллаж байдаг бүсгүйчүүдтэйгээ уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Эх орон минь амар амгалан, аюулгүй тайван байх тэр цагт л иргэн бид эрх, эрх чөлөөгөө эдэлж, сурч, хөдөлмөрлөж, дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжих боломж нөхцөл бүрддэг. Энх тайван, амар амгалан алдагдахад эмэгтэйчүүд, хүүхдийн эрх хамгийн түрүүнд, хамгийн ихээр зөрчигддөг. Тиймээс Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, эмэгтэйчүүдийн баярын өдөр гэдэг бол энх тунх амьдрал, эрүүл аюулгүй, эрх чөлөөт амьдралаа хамгаалах өдөр, тэмдэглэх өдөр гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон.
ХНХЯ хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчин бий болгох, нийгмийн баталгааг дээшлүүлэх замаар хүний хөгжлийг хангахын төлөө ажилладаг. Өөрөөр хэлбэл бид эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан зэрэг хүн ам, түүний бүлгүүдийн хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, түүний дотор төрийн албан хаагчдын цалин, хөлсний бодлого зэрэг өргөн цар хүрээтэй ажилладаг.
2023 оны байдлаар улсын хэмжээнд 226.4 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 47.6 мянга нь төрийн тусгай албан хаагч байгаа бөгөөд тэдний 27.4 хувь нь эмэгтэйчүүд байна.
ХНХЯ-аас цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн дагуу жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлээр хамтран ажилладаг.
Мөн гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хамтарсан багийг аймаг, дүүрэг, сумдад байгуулан ажиллуулж байна. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд хууль сахиулах байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа чухал юм.
Цаашид хүн бүр хүүхэд хамгаалагч, хүн бүр хууль дээдлэгч, хүн бүр эх оронч, эх орныхоо үйл хэрэгт идэвхтэй оролцогч байх чиглэлдолон нийтийг соён гэгээрүүлэх, урамшуулан дэмжих ажилд хамтран ажиллах шаардлагатай байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар бол бүхий л салбарт ажиллагчдын цалин хөлс, нийгмийн хамгаалал, тэдний үр хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудлыг хариуцаж, бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэх, хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй.
Өнгөрсөн онд Засгийн газраас төрийн алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ цагдаа, дотоодын цэргийн төрийн тусгай албан хаагчдын цалинг 26-50 хувиар нэмэгдүүлэн тогтоож үндсэн цалингийн доод хэмжээг 1.0 сая төгрөгт хүргэсэн. Ийнхүү цалингийн сүлжээг нэгдсэн байдлаар тогтоосноор адил зэрэглэлд хамаарах албан хаагчдын цалингийн зөрүүтэй байдал арилжээ. 2024 оны 4 дүгээр сараас цалин хөлсийг дахин 10 хувиар нэмэгдүүлнэ. Төрийн тусгай албан хаагчдын хувьд төрийн алба хаасан хугацааны, цолны, мэргэшлийн зэргийн, орон нутагт ажилласны, албан ажлын онцгой нөхцөлийн зэрэг дунджаар 80 орчим хувийн нэмэгдэл авч байна.
Цаашлаад төрийн тусгай албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдыг урамшуулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан орон нутгийн шинжилгээний байгууллагад тогтвор, суурьшилтай ажиллаж буй албан хаагчдад 5 жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшууллыг, мөн шинжилгээний байгууллагын албан хаагчид хүнд нөхцөлд ажилласны болон онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох боломжийг бүрдүүлнэ.
Төрийн тусгай албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг салбарын хуулиудаар ялгаатай байдлаар зохицуулж ирсэн. Тухайлбал, орон нутагт тасралтгүй ажиллаж байгаа төрийн албан хаагчид таван жил тутамд нэг удаа олгох мөнгөн урамшууллын хэмжээ, төрийн тусгай албан хаагчдын төрийн алба хаасан хугацааны, цолны, мэргэшлийн зэргийн, орон нутагт ажилласны нэмэгдлийг салбарын 10 орчим хуулиар, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг салбарын 15 хуулиар 10-20 хувийн ялгаатайгаар харилцан адилгүй тогтоосон байна.
Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан цалин хөлсний нэгдсэн бодлого, адил албан тушаалд ижил цалин хөлс олгох суурь зарчим алдагдаж, төрийн тусгай байгууллагууд, салбар хоорондын ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, зарим салбарт хүний нөөцийн дутагдалд орох зэрэг сөрөг үр дагавар бий болж байна.
Иймд төрийн албан хаагчдын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгаатай холбоотой салбарын 33 хуулиар ялгаатай, харилцан адилгүй зохицуулж байгаа заалтуудыг нэг мөр цэгцлэн, төрийн тусгай албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хүрсэн түвшингээс нь бууруулахгүй байх зарчим баримтлан нэгдсэн байдлаар зохицуулах шаардлага байна.
Түүнчлэн төрийн тусгай албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд албан хаагчдын амьдрах, ажиллах орчин, орон сууцны болон эдийн засгийн бусад баталгааг хангах эрх зүй, санхүүжилтийн нэгдсэн механизмыг бүрдүүлэхэд анхаарах болно гэдгээ ХНХ-ын сайд Х.Булгантуяа уулзалтын үеэр онцоллоо.
БХЯ, ХНХЯ хамтран УИХ-аар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2023 оны 12 дугаар сард батлуулсан. Энэхүү өөрчлөлтөөр эмэгтэй цэргийн алба хаагчийн хүүхдээ асарч байгаа хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцох болсноор тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил дутдаг асуудлыг шийдвэрлэжээ.
Нийгмийн даатгалын багц хуулийг 29 жилийн дараа шинэчлэн баталж 2024 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж байгаа. Шинэчилсэн хуулиар тэтгэврээ тогтоолгосон төрийн тусгай албан хаагчид тэтгэвэр тогтоолгосноос хойш аж ахуйн нэгж, байгууллагад ажил хөдөлмөр эрхэлбэл тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх боломжтой болсон. Мөн байнгын асаргаа шаардлагатай 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа, ажил хөдөлмөр эрхлээгүй эх эсхүл эцгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс бүрэн хариуцах болсон юм.
Мөн Засгийн газраас тэтгэвэр авагчийн тэтгэврийг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлдэг болсон бөгөөд үүнд цэргийн албан хаагчийн тэтгэвэр мөн хамаарч байна.
Монгол Улсын Засгийн газар, ХНХЯ сүүлийн 9 жил шинэчлээгүй байсан тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 2023 онд шинэчилж, 3.5 мянган эмэгтэй цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэвэр 882 мянган төгрөгөөс 1.3 сая төгрөгт хүрч 48 хувиар нэмэгджээ.