Нүүр хуудасМэдээХ.Нямбаатар: Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн...

Х.Нямбаатар: Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн зам барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Данбадаржайлин хийдэд ажиллаж, тус хийдийн 4.5 га газрыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн жишгээр тохижуулж, шашны аялал жуулчлалыг хөгжүүлж, соёлын биет болон биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд сэргээн босгохоор төлөвлөж байгаа талаар мэдээлсэн. Түүнчлэн энэ үеэрээ ирэх онд Улаанбаатар хотын явган хүний зам болон дугуйн замын сүлжээг өргөтгөх талаар дурдсан юм.

Энэ талаар тодруулбал, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн замын барилгын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. Үүнээс Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барих юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байна. Дугуйн замын нийт уртыг 2040 онд 1677 км хүргэхээр төлөвлөжээ. Ингэхдээ “20 минутын хот” үзэл баримтлалд тулгуурласан, авто замын хөдөлгөөнөөс тусдаа, бие даасан дугуйн тээврийн хэрэгсэл явах боломжтой, ногоон байгууламжийг тусгасан байдлаар төлөвлөж байна.

Энэ онд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 54.2 км урт, 205,414 ам.метр талбай бүхий дугуйн болон явган замын 14 төсөл, арга хэмжээнд хяналт тавин хэрэгжүүлж байна. Үүнээс 73,410 ам.метр талбайг угсарч дууссан бөгөөд нийт ажлын явц 41 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Мөн энэ онд “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас 11770 ам.метр талбайд дугуйн зам, явган замын ажлыг гүйцэтгэж байна. Улаанбаатар хотод хүн ам олноор суурьшиж байгаа учраас дугуйн замыг иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байдлаар явган хүний зам, авто замтай уялдуулан төлөвлөж байгааг хотын дарга Х.Нямбаатар хэлж байв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН