Цагдаагийн байгууллагаас 2025 онд 107,285 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өнгөрсөн долоо хоногт (2025.12.29-өөс 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд) 189 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 1, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 85, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2, Өмчлөх эрхийн эсрэг 64, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, Бусад 7 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 18,406 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 17,970 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Шийдвэрлэсэн зөрчлийн 16,997 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 937 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 913, Танхайрах 188, Хүний биед халдах 279, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 158, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 15,559, Бусад 873 зөрчил байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 70 иргэнд 20.800.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 120 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:
Үл ялих маргаанаас үүдэлтэй нэг цохилтын улмаас бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулжээ
Тодруулбал, орон нутагт 2025 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө нэр бүхий барны гадна иргэд согтуурсан үедээ үл ялих зүйлээс болж маргалдсаны улмаас энэ хэрэг гарчээ.
Шалгалтын ажиллагаагаар хэрэг гарах цаг хугацаанд барны гадна маргалдаж байсан иргэн Б нь иргэн Т-ийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисны улмаас иргэн Т хойш савж унах үедээ тархиндаа хүнд гэмтэл авсан нөхцөл байдал тогтоогдсон тул иргэн Б-ийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгон хэргийг өнгөрсөн долоо хоногт Прокурорын байгууллагад шилжүүллээ.
Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” 8752 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Цагдаагийн байгууллагад нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 15.8 буюу 7063 хэргийг иргэд согтуугаар үйлдсэн байх тул иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.





