Нүүр хуудасЯрилцлагаЦахим ертөнцийн харанхуй тал: Охид, эмэгтэйчүүдэд тулгарч буй дарамт

Цахим ертөнцийн харанхуй тал: Охид, эмэгтэйчүүдэд тулгарч буй дарамт

Жил бүрийн 11-р сарын 25-наас 12 сарын 10-ны өдрүүд бол “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхийн 180-аад улс орон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Бидний амьдарч байгаа нийгэм тэр чигтээ интернэт, цахим платформуудаас хамааралтай билээ. Техник технологийн дэвшил, хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж байгаа энэ үед хүний амьдралыг хөнгөвчлөх олон зүйл гарч ирсэн нь сайшаалтай. Сайны хажуугаар саар гэгчээр буруу аргаар ашиглах нь ч олон гарч байна. Үүний нэг жишээ нь жендэрт суурилсан хүчирхийлэл юм. Энэ нь эр, эм хүйсээр ялгаварладаг байсан бол олон нийт цахим орчинд хандсанаар технологи ашиглан үйлдэгдэх гэмт үйлдэл ч гарах нь элбэг болжээ. Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзултай ярилцсанаа сийрүүлэн бичье 

Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл гэж юуг хэлж байна вэ? 

Жендэрт суурилсан хүчирхийлэл гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүнийг хүйсээр ялгаварлаж, доромжилж байгаа явдлыг хэлнэ. Бие махбод болон сэтгэл зүйн хор хохирол учруулж байгаа үйлдэх, эс үйлдэхүйн асуудлыг хэлдэг. Сүүлийн жилүүдэд жендэрт суурилсан хүчирхийлэл нь гэр бүлийн асуудал, ажлын байрны бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэг зэрэг жендэрээс үүдэлтэй гэмт хэрэг арга хэлбэрээ өөрчилж технологийн хөгжлийг дагаад технологид суурилж байна. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл нэгнээ цохиж авах, биед нь халдаж илэрдэг байсан бол одоо нэгнийхээ хувийн нууц бичлэг зураг, дотно харилцаатай байсан үеийн түүх, нэгнийхээ эмзэг мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлж ил болгодог болсон байна. Жендэрт суурилсан хүчирхийлэл технологи ашиглан үйлдэгддэг болсон нь үүгээр харагдаж байна. 

Өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

Энэ зөвхөн Монгол улсад бус олон улсад ч үйлдэгдэж байгаа тулгамдсан асуудлын нэг. Жишээлбэл, 2006 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар буюу эмэгтэйчүүд цахим дарамт хүчирхийлэлд өртөөд байгаа талаар анх дурдсан байдаг. Иймээс улс орнууд шуурхай энэ асуудалд анхаарлаа хандуулах, улс орнууд хууль эрх зүйн орчноо өөрчлөхийг улс орнуудад уриалсан байдаг. 

Монгол улсын хувьд эмэгтэйчүүд  хүчирхийллийн хохирогч болж байна уу? Нас хүйсийн хувьд?

Технологи ашиглан жендэрт суурилсан хүчирхийллийн гол хохирогч нь охид, эмэгтэйчүүд болж байна. Жишээ дурдвал сонгуулийн үеэр явуулсан судалгаанаас үзэхэд УИХ-ын эмэгтэй гишүүдийг эмэгтэй гэдгээр нь төрийн алба хаших эсэхэд ялгаварлан гадуурхсан шинжтэй пост, нийтлэлүүд цахим орчинд тархаж хүний нэр төрд халдсан мессежийг түгээдэг. Энэ асуудлыг жендэрт суурилсан хүчирхийлэл гэж үздэг.  “Экономист интеллиженс юнит” судалгааны байгууллагаас дэлхийн 45 улсыг хамруулан хийсэн эмэгтэйчүүдийн эсрэг цахим хүчирхийллийн судалгаанд хамрагдсан охид, эмэгтэйчүүдийн 38 хувь нь цахим орчинд хүчирхийлэлд өртөж, 85 хувь нь энэ төрлийн хүчирхийлэлд өртсөн хэн нэгнийг мэддэг гэжээ. Уг судалгаанд цахимаар жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөж буй охид эмэгтэйчүүдийн тоо буурахгүй улам бүр өсөн нэмэгдэж байгааг онцолсон байдаг.

Өсвөр насны хүүхдүүдийн хувьд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл ямар байна вэ?

Өсвөр насны охидтой бэлгийн сэдлээр цахим орчинд холбоо тогтоох, хуурамч хаяг үүсгээд тэрнээсээ өөрийгөө эмэгтэй гэж ойлгуулж хүний эмзэг мэдээллийг мэдэж авдаг. Олж авсан мэдээллийг цахим орчинд цацна гэж дарамталж бэлгийн харьцаанд орох зэрэг асуудлууд гарч байна. Нөгөө талаас үе тэнгийн хүүхдүүд цахимаар нэгнийхээ нэр төрд халдах, доромжлох, дээрэлхэх асуудал ч байна. Хамгийн сүүлд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс “Залуучуудын цахим дарамт ямар байна вэ” гэсэн судалгаа хийсэн. Судалгаанд оролцогчдын 54 хувь нь цахим дарамтанд өртөж байна. Тэр дундаа 5 хувь нь бэлгийн дарамтанд өртөж байна. 2020 онд хүүхдийн цахим аюулгүй байдлын судалгаа хийгдсэн. Энэ судалгааны үр дүнд хүүхдүүдийн 80 гаруй хувь нь цахим дээрэлхэлт, дарамтанд өртдөг гэж хариулсан байдаг. Тэгэхэд эцэг эхийн 90 гаруй хувь нь манай хүүхэд цахим дээрэлхэлтэд өртдөггүй гэсэн нь эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд төдийлөн хяналт тавьдаггүй, хэрхэн хяналт тавихаа мэддэггүй гэдгийг харуулж байна. Өсвөр үеийнхний цахим хэрэглээ их байгаагаас гэмт хэргийн хохирогч болох, гэмт этгээдүүд олзолж дарамтлах зэрэг асуудлууд байна. 

Энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ?

Манай улсад үнэн худал нь тогтоогдоогүй мэдээллийг олон нийтэд хуваалцаж цахим орчинд түгээдэг. Аливаа нэг хэргийн хохирогчийг улам хүнд байдалд оруулах үе ч байдаг. Хүмүүс мэдээлэл түгээхдээ хянуур хандаж, тухайн мэдээллээ шалгадаг байх хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. Судалгаанд эцэг эхчүүдийн 90 гаруй хувь нь хүүхдийнхээ цахим хэрэглээг хянадаг гэж хариулсан ч яг яаж хянахаа төдийлөн мэддэггүй. Хүүхдийнхээ цахим хэрэглээнд юуны түрүүнд хяналт тавиад сурах хэрэгтэй

Ярилцсанд баярлалаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН