Нүүр хуудасМэдээЦахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон хууль 2025 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс...

Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон хууль 2025 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан, Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг бүрэн хориглох тухай Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлаар эцэслэн батлагдаж, 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсоноор 2023-2024 онд Монгол Улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар гадаад улсад цахим мөрийтэй тоглоомын хэлбэрээр урссан нь ил болсон. Энэ нь Монгол Улсын нэг иргэнд 485,000 төгрөг оногдох хэмжээний их хэмжээний хөрөнгө юм.

Цахим мөрийтэй тоглоом нь олон мянган монгол өрхийн санхүүгийн хямрал, өр зээл, инфляц, гэр бүл салалт, сэтгэл гутрал, амиа хорлолт, ажилгүйдэл зэрэг нийгэм, эдийн засгийн ноцтой үр дагаврыг дагуулсаар иржээ. Уг тогтолцоог хаах нь улсын валютын нөөцийн 10 хувийг хамгаалахтай тэнцэхүйц чухал шийдэл хэмээн үзэж байна.

Хуулийн гол заалтууд:

• Зөвшөөрлийн тухай хууль (1.5.20):

Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

• Зөрчлийн тухай хууль:

10.1.6: Сурталчилсан, уриалсан иргэнийг 5000 нэгж, хуулийн этгээдийг 50,000 нэгж төгрөгөөр торгоно.

10.1.7: Цахим сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан сурталчилсан бол иргэнийг 10,000 нэгж, хуулийн этгээдийг 100,000 нэгж төгрөгөөр торгоно.

• Эрүүгийн хууль:

20.18: Цахим бооцоот тоглоом зохион байгуулсан этгээдийг торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, эсвэл 6 сар – 3 жил хүртэл хорих ял онооно.

20.19: Төлбөр тооцооны данс, цахим мөнгө, харилцаа холбооны хэрэгсэл зэргийг удаа дараа ашиглуулсан этгээдэд торгууль, зорчих эрх хязгаарлалт, эсвэл хорих шийтгэл оноохоор тусгасан.

Хууль хэрэгжсэнээр:

• Монголчуудын хөрөнгө гадагш урсах урсгалыг зогсооно

• VPN ашиглан хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ

• Хувь хүн, хуулийн этгээдийг зөрчил, гэмт хэргийн хариуцлагад татна

• Хөрөнгө угаалт, оффшор дамжуулалт зогсоно

• Иргэдийг цахим залилан, донтолт зэрэг хохирлоос хамгаална

Иймд Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын аливаа хэлбэрээр эрхлэх, дэмжих, сурталчлах нь хууль зөрчиж буй үйлдэл болохыг нийтэд онцгойлон анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН