Хиймэл оюун ухаан нь орчин үеийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч боллоо. Улс орнууд энэ салбарт үндэсний хэмжээний стратеги боловсруулж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, АНУ, Хятад болон Европ тивийн улсууд бүс нутгийн судалгаа, хөгжил, хэрэглээнд томоохон хөрөнгө оруулалт хийж, үндэсний хэмжээний стратеги гаргасан. Мөн Азийн Сингапур, БНСУ, Японд эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг нь хиймэл оюун ухаан хэмээн тодорхойлж байна. Тэгвэл бага болон дунд орлоготой орнууд хиймэл оюун ухааны зах зээлийг ашиглан хөгжлийн явцаа түргэсгэхээр зорьж эхнээсээ хиймэл оюун ухааны стратегиа зарлаад буй.
Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх өрсөлдөөн дэлхий даяар эрчимжиж буй энэ үед Монгол Улс ч гэсэн хиймэл оюун ухааны үндэсний стартегитай болох ажлыг эрчимжүүллээ. Энэ хүрээнд гарааны бизнесийн эко системийг хэрхэн сайжруулах, нээлттэй өгөгдлийн хүрээг тэлэх, цаашид салбарт баримтлах бодлогын хууль эрх зүйн орчны талаар судалгаа хийж, стратегиа боловсруулах ажил ид өрнөж байна. Мөн ЦХИХХЯ-наас хиймэл оюун ухааны үндэсний стратегийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг ирэх 2-р сарын 13-ны өдөр зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор салбар бүрийн оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлгийг ЦХИХХЯ, Мэдээллийн технологийн үндэсний парк, И-Монгол академи хамтран өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монголын AI хөгжүүлэгч залуус өргөнөөр оролцож, үндэсний стратегид тусгах санал, хүсэлтээ илэрхийлэв.
Монгол Улсад хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд тулгарч буй гол бэрхшээлүүд дараах байдлаар нэрлэлээ.
Үүнд,
- Боловсон хүчний хомсдол: Хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхэд мэргэшсэн боловсон хүчин дутагдаж байна. Энэ нь судалгаа, хөгжүүлэлт, хэрэгжилтийг удаашруулах гол хүчин зүйл болжээ.
- Санхүүжилт: Хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлт нь өндөр зардалтай. Монголд энэ салбарт төр, хувийн хэвшлийн санхүүжилт хангалтгүй байна.
- Дэд бүтцийн хөгжил: Хурдтай интернет, өндөр хүчин чадалтай компьютер зэрэг хиймэл оюун ухааны хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц хангалттай хэмжээнд хөгжөөгүй.
- Өгөгдлийн нээлттэй байдал: Хиймэл оюун ухааны сургалт, хөгжилд шаардлагатай өгөгдлийн сан, мэдээллийн нээлттэй байдал хангалтгүй.
- Хууль эрх зүйн орчин бүрдээгүй: Хиймэл оюун ухааны хөгжилтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байна зэрэг асуудлыг дурдлаа.
Тиймээс дээрх тулгамдаж буй асуудлуудаас нэн тэргүүнд боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарахыг онцлов. Мөн хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хөгжүүлэх, олон улсын туршлагаас суралцах тухай ч хөндөгдсөн. Түүнчлэн хиймэл оюун ухааны салбарт санхүүжилтыг нэмэгдүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлага ч байгаа юм.
Хиймэл оюун ухааны үндэсний стратегитай улс орнууд дараах байдлаар асуудлуудаа тусгажээ.
Үүнд:
- Судалгаа хөгжүүлэлт: Хиймэл оюун ухааны үндсэн судалгааг төрөөс дэмжиж, шинэ технологи бүтээхэд анхаарч байна.
- Боловсон хүчин бэлтгэх: Тус салбарт ажиллах чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэж байна.
- Дэд бүтцийг хөгжүүлэх: Хиймэл оюун ухааны хөгжилд шаардлагатай их хэмжээний мэдээллийн сан, суперкомпьютер зэрэг дэд бүтцийг бий болгож байна.
- Ёс зүй, хууль эрх зүйн асуудлыг зохицуулах: Хөгжлийн үед гарч болох эрсдэл, асуудлыг урьдчилан харж, зохицуулах арга хэмжээ авч байна.
Хиймэл оюун ухаан нь дэлхийн ирээдүйг тодорхойлох хамгийн нөлөө бүхий технологи юм. Улс орнууд тус салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, үндэсний хэмжээний стратеги боловсруулж байгаа нь энэхүү технологийн ач холбогдлыг харуулж байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулат хийхээ зарлалаа. Харин Монгол Улс хиймэл оюун ухааны хөгжлийг дэмжиж, үндэсний хэмжээний стратеги боловсруулахаар ажиллаж байна.
Ирээдүйд үнэ цэнийг бүтээх арга барил өөрчлөгдөж, хүний оролцоогүйгээр хөдөлмөрийн бүтээмжийн асар том ялгаа бий болох гэж байна. Энэхүү үсрэнгүй хөгжиж буй технологийн дэвшилтэй хөл нийлүүлэхийн тулд салбарын бодлогоо зөв чиглүүлж, хүний нөөцөө бэлдэх, инновацын чиглэлд онцгой анхаарах үе ирснийг онцлов.