Нүүр хуудасМэдээЦХХХЯ: Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид цахим ур чадварын сургалтад...

ЦХХХЯ: Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид цахим ур чадварын сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаар тэмдэглэлд бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус үүрэг болгосон.

Энэ хүрээнд “И-Монгол академи” УТҮГ, Нийслэлийн боловсролын газартай хамтран сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдрийн сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Үндэсний статистикийн хороо хамтран Монгол улсын өрхийн МХХТ-ийн тоног төхөөрөмжийн байдал, харилцаа холбооны технологийн үйлчилгээний хэрэглээг тооцох зорилгоор 2021 онд улсын хэмжээнд түүвэр судалгаа хийсэн. Уг судалгаагаар иргэдийн тоон бичиг үсгийн чадавх 43.8%-тай гарсан бөгөөд иргэд цахим орчинд мэдээлэл эрж хайх, олох, хадгалж авах, боловсруулах, цахим орчинд хүлээн авсан мэдээллийн найдвартай байдлыг шалгах, цахим аюулгүй байдлыг хангах чадвар сул байгааг тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах, иргэдэд цахим ур чадвар эзэмшүүлэх, мэдээллийн технологийг зохистой, аюулгүй ашиглах мэдлэг боловсролыг хөгжүүлэх шаардлага хэрэгцээ өндөр байна. Тиймээс “Цахим ур чадварын аян”-д идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэсэн юм. Сургалтаар “Цахим иргэн” гэж хэн болох, цахим орчны зохистой хэрэглээ, цахим орчинд үйлдэгдэж буй цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, халдлагын төрлүүд, мэдээллийн аюулгүй байдлын зөвлөмж, гар утасны хэрэглээ зэрэг мэдлэг, мэдээллийг олгож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН