Нүүр хуудасМэдээЦөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад оролцлоо

Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад оролцлоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр 9 дүгээр сарын 26-ны өдөр болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож үг хэлэв.

Байнгын төлөөлөгч В.Энхболд энэхүү олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь цөмийн зэвсгийн аюул, заналхийллийн талаар таниулахад ач холбогдолтой болохыг тэмдэглэж, цөмийн зэвсгийг бүрэн устгах зорилгод хүрэхийн тулд гишүүн орнууд эн тэргүүнд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Тэрбээр цөмийн зэвсэггүй бүсүүд болон Монгол Улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсгээс ангид статус нь цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх зорилтыг урагшлуулах, итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэсэн.

Уг уулзалтад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Чаба Көрөши, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон 80 гаруй улс, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жилийн ой энэ 2022 тохиож байна. Манай улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд 2021 оны 12 дугаар сард нэгдсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН