Мөнхийн сэдэв гэлтэй Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад харилцааны яаманд ажилласан цагаасаа хэвлэлийнхэн болоод олон нийтийн анхааралд байсаар ирсэн. Гэвч харамсалтай нь сайнаар биш саараар хэлэгдэх нь олон байлаа. Тиймдээ ч аргаа барсан Н.Анхбаяр “Юм болгоныг аавтай холбоно гэж юу байхав дээ” ч гэж хэлж байсан удаатай юм. Тэгвэл Н.Анхбаяр нэг хэсэгтээ л олны ярианд орж хэвлэлээр гарах нь тодорхой боллоо. Учир нь Засгийн газрын хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Анхбаярыг томилсон явдал юм. Дөнгөж томилогдоод байгаа Н.Анхбаярын тухайд яривал… Англи хэлтэй
2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2006 онд Шинэ Зеландын Велингтоны их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч, хууль зүйн бакалавр, Хууль зүйн ухааны магистрын зэрэгт суралцсан.
2000-2004 онд: УИХ-ын Тамгын газар
2007-2012 онд: Гадаад хэргийн яамны Гэрээ эрх зүйн газарт мэргэжилтэн, атташе, дэд захирал
2012-2014 онд: Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консул
2014-2016 онд: ГХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга, Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирал
2016 оны наймдугаар сараас ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар тус тус ажилласан байна.
Харин түүний томилогдож буй албан тушаалд байсан Д.Даваасүрэнг ажлын хариуцлага алдсан үндэслэлээр өнгөрсөн дөрөвдүгээр сард чөлөөлсөн юм. Улмаар ГХЯ-аас Төрийн албаны зөвлөлд хандаж Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах захиалга ирүүлснээр өнгөрсөн долоо хоногт нээлттэй сонгон шалгаруулалт болж, Н.Анхбаяр тэнцжээ. Сонирхуулж хэлэхэд Төрийн албаны тухай хуулиар яамны Төрийн нарийн бичгийн даргыг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, шалгаруулдаг. Уг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохоор нэг л хүн материалаа ирүүлсэн нь Н.Анхбаяр бөгөөд бүх нөхцөл шаардлагыг хангасан гэж үзсэн байна.
Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа ч өмнө нь олон дуулианы эзэн болж байлаа. Эргэн сануулбал “Эрдэнэт” үйлдвэрт олон тэрбумын шахааны бизнес цэцэглүүлсэн үүнд нь аавынх нь оролцоо ч бий гэгддэг. Цаашид хэрхэн ажиллах нь түүний хувьд бодлого болж байгаа байх харин олон нийт ажиглаж байгаа гэдгийг ч санах хэрэгтэй биз ээ. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай байдгийн адилаар цаг хугацаа үнэн мөнийг, сайн мууг харуулах болов уу???