Нүүр хуудасМэдээЦ.Төрхүү: Иргэд өөрсдийн амьдарч буй хотхон, хорооллын СӨХ-нд шаардлага тавих хэрэгтэй

Ц.Төрхүү: Иргэд өөрсдийн амьдарч буй хотхон, хорооллын СӨХ-нд шаардлага тавих хэрэгтэй

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хот тохижилт, нийтийн аж ахуйн ажлын шинэ зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, хот, нийтийн аж ахуйн ажил болох  цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламж хариуцсан 379 албан хаагч, 68 машин механизмыг дүүргүүдэд хуваарилан, шилжүүлээд байна.

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Өмнө нь хот нийтийн аж ахуйн ажлыг УБЗАА-наас удирдан зохион байгуулдаг байсан. Одоо уг ажлыг дүүргүүдэд шилжүүлснээр хариуцсан ажлаа илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцларгыг сайжруулах боломж нэмэгдэж байгаа юм. Ингэснээр УБЗАА зөвхөн бодлогын асуудалд төвлөрч, хяналт тавин ажиллана. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд болон СӨХ-д өөрсдийн эзэмшлийн болон орчны 50 метр зам, талбайгаа цэвэрлэж хэвших хэрэгтэй. УБЗАА-наас СӨХ-д шаардлага тавих хууль, эрх зүйн орчин байдаггүй. Тиймээс иргэд өөрсдийн амьдарч буй хотхон, хорооллын СӨХ-нд шаардлага тавьж, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй байна. Өнөөдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга “Цас ормогц нэн түрүүнд цасыг хусаж, давс, бодисоо цацан, хайлмагц нь дахин түрж, цэвэрлэх байдлаар ажиллах” үүрэг даалгаврыг өгсөн. Өмнө нь хусалт хийгээд, давсаа цацаад үлдэгдлийг нь цэвэрлэхгүй орхидог байсан. Энэ байдлыг халж, шинэ зарчмаар ажиллана. Одоогоор өдөрт нэг удаа бодис цацаж, өндөрлөг, өгсүүр замд давс цацан ажиллаж байна” гэв.

2024 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт 24 байгууллагын 584 зам, талбайн үйлчлэгч, 98 машин техниктэйгээр зам талбайн цэвэрлэгээнд ажиллажээ. Өнөөдрийн байдлаар халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр замууд, алслагдсан болон зуслангийн замуудад цэвэрлэгээний 24 байгууллагын 650 зам, талбайн үйлчлэгч 105 машин техниктэйгээр ажиллаж байна. 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хот тохижилтын газар, дүүргүүд, хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 4659 тонн бодис, 5603 тонн давс нөөцөлсөн. 2024 оны нэгдүгээр сарын 7-ны байдлаар 1014.2 тонн бодис, 1213 тонн давсны үлдэгдэлтэй байгаа юм. Энэ нь ойрын хоёр сарын хугацаанд хангалттай хүрэлцэхүйц хэмжээ гэдгийг албаныхан онцолж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН