Нүүр хуудасНийтлэлЦ.Элбэгдорж: Бичиг, хэлээ унаган төрхөөр нь хадгалахын төлөө тэмцэл бол Монгол хүн...

Ц.Элбэгдорж: Бичиг, хэлээ унаган төрхөөр нь хадгалахын төлөө тэмцэл бол Монгол хүн бүрийн ариун үүрэг

ӨМӨЗО-ны Тунляао хотын 10 жилийн сургуульд энэ есдүгээр сараас эхлэн хичээлээ монгол хэлээр биш хятад хэлээр заах шийдвэрийг  Хятадын Засгийн газар гаргасан. Энэ бол хамгийн олон монголчууд оршин суудаг Өвөр Монголын хот юм.

Ийнхүү 1949 оноос хойш хэл соёлыг нь устгах, түүгээрээ дамжуулан жижиг үндэстнээ өөртөө уусган шингээх бодлого энэ удаад ч илэрч, мөн л хүчтэй эсэргүүцэлтэй тулгарлаа. Эх хэлээрээ сурахыг хүссэн сурагчид, оюутан, эцэг эхийн эсэргүүцэл сүүлдээ нэг ээж, нэгэн хүүгийн үхлээр түр намжлаа. Гэвч энэ нь нааштай шийдвэр гарсан гэх үг биш бөгөөд түр зуур гал дарах арга. Эх хэлтэй нь үлдээх шийдвэрийг баттай гаргаагүй гэдгийг сошил орчинд түгээж, тайвширч үлдэхгүй байхыг анхааруулсаар байна.

Өмнөд Монголын соёлын холбооны тэргүүн Ч.Мөнхбаяр “1949 оноос хойш Хятад улс 10 ч удаа Монгол хэлийг хязгаарлаж, Хятад хэлээр хичээл ордог болгохоор бодлогын шийдвэр гаргасан ч тухай бүртээ ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч шийдвэрээсээ буцсан. Энэ удаад ийм их эсэргүүцэлтэй тулгарна хэмээн тооцоолоогүй байх” хэмээн ярилцлагадаа дурьджээ.

Үүнтэй адил төстэй үйл явдал 2018 онд, ШУӨЗО /Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орон/-д мөн болж байсан. Шинжаан Уйгурт цэрэгжилтийн хатуу дэглэмтэй учраас бичиг үсэг солих арга хэмжээ өнөөдрийн дайтай бослого тэмцэлгүй болоод өнгөрчээ. Энэ удаад ч мөн дундад улсын удирдлагууд Шинжаан Уйгуртай адил хэмжээнд болно хэмээн сэтгэсэн ч санасны зоргоор болсонгүй хэмээн судлаачид, ажиглагчид тайлбарлаж байна.

Тэгвэл дэлхий нийтээр таран бутарсан Монгол үндэстний маань хэд нь Урд хөршийн харьяанд Өөртөө засах орон нэртэйгээр аж төрж байна вэ? Өвөр монголын өөртөө засах орны хүн амын тоо 2010 оны байдлаар 24 сая 700 мянга байна. Үүний 79.1 хувийг хан үндэстэн, 17.13 хувийг монгол үндэстэн, үлдсэн хувийг үндэстний цөөнх эзэлдэг гэжээ. Ингээд тооцоод үзвэл 4 сая 231 мянган хүн, дэлхий даяар тархан суурьшсан нийт монголчуудын 60 хувь нь  бидний нэгэн адил бичиг үсэг, хэл соёлоо хадгалан үлджээ. Үүх түүх, бичиг соёлоо цаашид ч мөн хадгалан үлдэхээр амь насаараа дэнчин тавьж тэмцэж байна.

Тэгвэл бусад улс орнууд энэ мэт үзэгдэлд хэрхэн хандах ёстой вэ?

“Аливаа улсын өөрийн улсад байгаа үндэстний гадаадад байгаахэсгийн  эрх нь зөрчигдвөл дуу хоолойгоо заавал өргөх учиртай.  Учир нь нэг үндэстэн нэг махбод учраас” хэмээн судлаач Ч.Мөнхбаяр хэлжээ. Тэгвэл Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сүүлийн үед хурцаар өрнөж буй Өвөрмонголчуудын босоо бичиг, хэл соёлтойгоо үлдэх  тэмцлийн талаар өөрийн байр сууриа сошил орчинд нийтэлжээ. Тэрээр

“Монгол хүн Монгол хэл бичгээ өмөөрч дуугарахгүй бол, тэмцэхгүй бол өөр хэн ч бидний өмнөөс хэлэхгүй, тэмцэхгүй. Үсэрсэн цус, тасарсан мах Монгол ахан дүүсээ одоо дэмжихгүй бол хэзээ дэмжих юм бэ! Бичиг, хэлээ унаган төрхөөр нь хадгалахын төлөө тэмцэл бол Монгол хүн бүрийн ариун үүрэг”.

Судлаачдын үзэж байгаагаар ийнхүү бичиг үсэг, соёлыг нь устгаж, мөхөөж байгаа нь жижиг үндэстнээ уусган шингээх зөөлөн бодлогын илрэл. Өнөөдрийн үйл явц анхных биш мөн сүүлийх биш хэмээн таамаглаж байна.

ХЭЛ -ХИЛ- СОЁЛ 3-тайгаа байхад Монгол хүн МОНГОЛООРОО ҮЛДЭНЭ.

өмнөх нийтлэл
Дараагийн нийтлэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН