Нүүр хуудасНийгэмЦ.Өөлд: “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна. Монгол Улсын нутаг дэвсгэр...

Ц.Өөлд: “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна. Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана” гэсэн заалтуудыг том агуулгатай заалтууд хэмээн ойлгож явдаг

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийг нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна. 

Ц.Өөлд: Ардын Их Хурлаар шинэ Үндсэн хуулийг 7-10 хоногт бүр удвал 14 хоногт багтаан хэлэлцүүлж батлуулах баримжаатай байсан

Нийгмийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжих үйл явц зөвхөн хуулийн дагуу хийгдвэл улс оронд эмх замбараагүй байдал буй болохгүй гэдэг зарчмыг иш үндэс болгон шинэ Үндсэн хуультай болох асуудлыг шийдвэрлэсэн. 1989-1990 оны үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах комиссыг Ж.Батмөнх дарга удирдан ажиллаж байв. Тэрхүү комиссын хийж байсан төслөөс тухайлбал “парламентын засаглалтай” байх зэрэг зарим нэг санаа шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгалаа олсон.

Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссыг Ерөнхийлөгч П.Очирбатаар даргалуулан 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Комиссын гишүүдийг бүрэлдүүлэхдээ БНМАУ-ын Ерөнхий сайд, УБХ-ын орлогч, нарийн бичгийн дарга, Байнгын хорооны дарга нар, намуудын төлөөллүүдийг оролцуулах зарчим баримталсан.

Шинэ Үндсэн хуулийг батлан гаргаснаар улс орны хэмжээнд дагаж мөрдөх эрх зүйн чиг баримжаатай болж шилжилтийн үед гарч болох элдэв сөрөг үйлдэл үзэгдлүүдийг шийдвэрлэхэд дөхөмтэй болсон юм. Энэхүү хуулийн үзэл баримтлатын дагуу улс төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг хийх чиг баримжаа гарч хүний эрх, эрх чөлөөг дээдлэх асуудлууд цоо шинээр дэвшүүлэн тавигдаж бүх асуудлыг эрх зүйн хүрээнд тайван замаар шийдвэрлэх боломжийг нээсэн юм. Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурлаар хоёр удаа хэлэлцсэн юм. Хэлэлцэж байх явцад олон асууддаар өөр өөр санал гарч санал хураалган шийдвэрлүүлж байлаа. Тухайлбал: “Монгол Улсын Ерөнхийлөгч дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалт дээр хориод санал хураалгаж байсан. Ерөнхийлөгч заавал дөчин таван нас хүрсэн байна гэсэн нь өнөөгийн Бага Хуралд суугаа ардчиллын төлөөллүүдээс дараачийн 2-3 удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй гэсэн бодлого, эх орондоо таваас доошгүй жил оршин суусан байна гэсэн заалтаар гадаадад суугаа элчингүүдийн сонгогдох эрхийг хаалаа, Монгол Улсын уугуул байна гэдэг нь барга, буриад, казакуудыг гадуурхах бодлого гэх мэтээр маргалдан, зарим нь хурал хаяж байв.

Шинэ Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлаар хэлэлцүүлэхээр Улсын Бага Хурлаас 1991 оны 07-р сарын 05-ны өдөр “Ардын Их Хурлын хуралдааныг товлон зарлах тухай” тогтоол гаргаж, БНМАУ-ын Ардын Их Хурлын ээлжит II хуралдааныг 1991 оны 11-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо эхлүүлэхээр шийдвэрлэв. Ардын Их Хурлаар шинэ Үндсэн хуулийг 7-10 хоногт бүр удвал 14 хоногт багтаан хэлэлцүүлж батлуулах баримжаатай байсан боловч олон хоног хэлэлцэх нөхцөл байдал бий болоход зардлын асуудлыг шийдвэрлэхэд нэлээд хүнд болж бидний дунд ширүүн яриа ч гарч л байлаа.

БНМАУ-ын Ардын Их Хурлын даргаар хэнийг сонгуулах талаар санал боловсруулах үүргийг намын дарга Г.Очирбат надад өгсөний дагуу сонгогдсон депутатуудын бүрэлдэхүүнийг бодолцон олонх нь хөдөө аж ахуйнхан, Хөдөө аж ахуйн нэгдэл, Сангийн аж ахуйн дарга, удирдах ажилтнууд байсныг иш үндэс болгон Хөдөө аж ахуйн ухааны доктор, Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд байсан Ж.Уртнасанг санал болгоход Улс Төрийн Товчооны гишүүд зөвшөөрч түүнийг Ардын Их Хурлын хуралдаанд оруулан сонгуулж байлаа.

Шинэ Үндсэн хууль хэлэлцэж байх явцад олон удаа маш хүнд уур амьсгал бий болдог байсны дотор депутат нар нэгдсэн саналд хүрэхгүй өдрийн талыг авахад Ж.Уртнасан хурал хаяж эвгүй байдалд орцгоолоо. Ц.Лоохуузаар хурал удирдуулах гэсэн боловч мань хүн будилуулаад болдоггүй, хуралдааныг түр завсарлуулаад Их Хурлынхаа даргаруу утасдахад “Миний өвгөн жаахан хүлээж бай, би жаахан тайвшраад, санаагаа төвлөрүүлээд очъё” гэлээ. Энэ хооронд Г.Очирбат дарга “Чи ямар хүнийг АИХ-ын даргаар сонгуулчихсан юм бэ?” гээд бухимдуухан байхад нь “Удахгүй ажилдаа ирэх байлгүйдээ би утасдана” гэж билээ. Үндсэн хууль батлахад МАХН-ын бүлгийн орлогч дарга байсны хувьд хууль хэлэлцэх явцад гарсан маргаантай асуудлуудыг шийдэх чиглэлүүдийг гаргаж байлаа.

Мөн хөдөөгийн бүлгийн фракцийг толгойлох үүрэг надад оногдон 160-аад депутат нарын санаа бодлыг нэгтгэж байсан бөгөөд шинэ Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн санааг Хөдөлмөрийн баатар Ү.Аварзад гуай гаргаж хөдөөнөөс сонгогдсон депутат нар санал нэгтэй дэмжин Үндсэн хуулийн заалт болсон нь хөдөө аж ахуй, мал аж ахуйг хөгжүүлэхэд чиг баримжаа болж байгаа алсыг харсан шийдвэр байсан юм.

Үндсэн хуулийн зургадугаар зүйл бүхэлдээ хөдөөгийн фракцийнх буюу Хөдөө аж ахуйн орлогч сайд агсан П.Хаадгар, Нэгдлийн холбооны орлогч дарга байсан Ч.Бат-эрдэнэ, бид нарын санал, яруу найрагч О.Дашбалбарын идэвхтэй оролцоотойгоор шийдэгдсэн юм. Эдгээр заалтын дагуу газрыг зөвхөн Монгол хүнд өмчлүүлэх, гадаадынханд бол тусгай болзол, нөхцөлтэйгөөр ашиглуулахаар оруулсан юм. Эх болсон газар нутгаа зөвхөн Монгол хүн л өмчилж, эзэмшиж байхаар заасан заалт нь миний хувьд зөв л гэж ойлгогддог. Зарим хүн гадаадын хөрөнгө оруулалтыг хаасан заалт л гэж дугарч байхыг сонссон ч сонсоогүй юм шиг л өнгөрдөг дөө.

Шашин шүтэх, эс шүтэх асуудлаар нэлээд маргаан гарч Д.Чойжамц, Д.Лүндээжанцан нарын хэсэг хүмүүс буддын буюу уламжлалт шашин зонхилох шашин байна гэж зүтгэсэн боловч яг тэр заалтаараа шийдэгдээгүй ч “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” хэмээн орсон нь “шашнаа” гэсэн үг бол уламжлалт шашнаа гэсэн ойлголт гэж ойлгож төр, засгаас холбогдох шийдвэрүүдээ гаргаж байгаасай л даа. Шинэ Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хэрэгжүүлэх механизмыг заан өгснөөрөө том алхам хийснийг хэн хүнгүй мэдэж байгаа ч бас үүргийг нь заасныг мартаад л байгаа нь харамсалтай.

“Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэх мэт заалтуудыг хэрэгжүүлж байгаа билүү. Төр, засаг нь ч, иргэн бүр ч энэ асуудлаар бодитой алхам хиймээр л санагддаг. Шинэ Үндсэн хуулийн олон заалтууд их алсыг харсан заалтууд болсны дотор “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна. Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана” гэсэн заалтуудыг хувь хүнийхээ хувьд том агуулгатай заалтууд хэмээн ойлгож явдаг юм. Ийнхүү шинэ Үндсэн хуультай болсноор Монгол Улсын шинэ сонголтыг эрх зүйн үүднээс баталгаажуулан, улс орны тусгаар тогтнол, ирээдүйн хөгжлийн чиглэлийг тодорхойлон нийгмийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдсэн юм.

Б.Дашпунцаг:Үндсэн хуулийг хэлэлцэн баталж ардчилал, шинэ нийгмийн байгууллыг эрх зүйн хувьд баталгаажуулснаараа түүхэнд ул мөрөө биечлэн үлдээсэн хүмүүс гэж боддог

Ази-Европыг хамарсан 1990-ээд оны өөрчлөн байгуулалтын үзэл санаа болон амьдарч байгаа нийгмээ олон өнцгөөс үнэлж цэгнэн, дүгнэлт хийх гэсэн оролдлого, тэр үеийн сэхээтнүүд, мөн хол ойрын мэдээлэл сонсдог, уншдаг, сонирхдог хүн бүрд байсан нь ойлгомжтой. Тэгвэл тэр үеийн хүмүүсээс хамгийн түрүүнд АИХ-ын депутатууд бид улс орноо өөр нийгмийн байгуулалд шилжих зайлшгүй нөхцөл байдал бий болсныг мэдэрч, хүлээн зөвшөөрч, тэр нь улс төр, эдийн засаг, ямар нийгэм байхыг заасан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн баталж ардчилал, шинэ нийгмийн байгууллыг эрх зүйн хувьд баталгаажуулснаараа түүхэнд ул мөрөө биечлэн үлдээсэн хүмүүс гэж би боддог юм.

Шинэ Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх ажилд өөрийн биеэр оролцож хөдөөгийн сэхээтэн, жирийн иргэдийн санал бодлыг сонсож, тэдний бодол санааг хуульд тусгуулахын төлөө Төрийн ордны их танхимд 70 гаруй хоног хуралдаж шинэ Үндсэн хуулийг өргөн батлалцаж байснаа одоо дурсан санахад сайхан байна.

Олны хүч оломгүй далай гэгчээр олон хүний санаа бодол, оюун ухаан, мэдлэг боловсрол ямар их агуу болохыг тэр 70 гаруй хоног хуралдахад бүрэн мэдэрч одоо ч биширч явдаг юм. Ямар ч хүлээн зөвшөөрөх аргагүй санал хүртэл цаанаа олон учир шалтгаантай, олон үндэс шалтгаантай, олон үндэс, гаргалгаатайг санал гаргагчид тайлбарлан ярихад амьдрал үнэхээр баян болохыг улам бүр мэдэрч байсан даа.

Шинэ Үндсэн хуулийг АИХ-аар хэлэлцэж байхад биднийг тэрний тийм саналыг дэмжиж санал өг, тэр саналыг битгий хүлээж ав гэсэн ухуулга, явуулга огтхон ч байгаагүй бөгөөд бид өөрсдийн үзэл бодол, ухамсраараа асуудалд хандаж саналаа өгч байсан билээ.

Гэтэл одоогийн УИХ-ын гишүүд хууль боловсруулж батлахад бусдын захиалга, лоббигоор ханддаг, улс орон жирийн ард иргэдийн эрх ашгийг умартаж байгаад харамсаж явдгаа энэ дашрамд хэлье.

Нөгөө талаар манай улсад парламентын засаглал зөв гольдролоороо хөгжиж, төлөвшиж чадахгүй гажуудалд ороод байгааг сүүлийн жилүүдийн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа харуулаад байгаа юм биш үү? Тийм учраас улс төрийн ямар тогтолцоог сонговол одоогийн хэт улс төржилт, нам төвтэй тогтолцооноос ангижрах вэ? гэдгийг ард нийтийн санал асуулга, өргөн хэлэлцүүлэг явуулж шийдэх цаг болсон гэж бодож явдгаа дурдсуу.

С.Пүрэв: 400 гаруй хүн санаа бодлоо уралдуулж, нэг үг, нэг өгүүлбэрийг бүтээх гэж 5-7 хоног болдог байсан

1989-1990 оны үед ардчилсан холбоо, хөдөлгөөнүүд үүсэж, өөрчлөлт шинэчлэлтийн тухай хэвлэл, радиогоор яригдаж жагсаал, цуглаан, суулт хийж, улс орон даяар хөдөлгөөнд орсон билээ. Энэ үед би Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байлаа. 1990 оны эхээр “Сүхбаатарын зам” нэгдлийн тайлан сонгуулийн хурал болж, хурлын дараагаар нийт гишүүдээс Ардын Их Хурлын депутатаар хэний нэрийг дэвшүүлэх талаар санал хураахад миний нэрийг дэвшүүлье гэсэн санал олонхын санал болж байлаа. Гэтэл тэр үед МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, түүний дагуу аймгуудын намын хорооны товчоо ч огцроход Архангай аймгийн намын хорооны даргаар ажиллаж байсан миний хүү П.Чулуун Богд суманд Засаг даргаар томилогдон ирэв. Ингээд би Гучин-Ус сумандаа шилжиж очих хүсэлт гаргаж, “Алдар” нэгдглийн ерөнхий ня-бо-гоор томилогдон очсон юм. Гучин-Ус сумын III багаас сонгогдсон төлөөлөгчид сумын төвийн хөдөлмөрчид Ардын Их Хурлын депутатын нэр дэвшүүлэх хурал хийж МҮЭ-ийн төв зөвлөлийн дарга Ш.Батбаярын нэрийг дэвшүүлэх санал оруулахад, малчин Д.Мятавдорж гэдэг хүн босож бид Ардын Их Хурлын депутатад орон нутгаасаа таньж мэдэх итгэлтэй хүнээ сонгоно гээд Сосорын Пүрэв миний нэрийг дэвшүүлэв. Ингээд Батбаяр бид хоёр дээр санал хураахад би олонхын санал авч АИХ-ын депутатаар нэр дэвшив. Дараа нь сумын намын үүрийн бүх гишүүдийн хурлаас сум-нэгдлийн дарга Ш.Тогоог АИХ-ын депутатад нэрийг нь дэвшүүлэв. Удалгүй сонгууль явагдаж АИХ-ын 240 дүгээр тойргийн депутатаар би сонгогдсон юм.

1990 онд Ардын Их Хурлын анхдугаар хуралдаандаа оролцож Монгол Улсдаа анхдагч болсон, анхны Ерөнхийлөгчийг сонгож, анхны Улсын Бага Хурлыг 50 гишүүнтэй байгуулж, анхны Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг байгуулсан зэрэг ардчилсан төрийн анхны өөрчлөлт шинэчлэлүүдийг хийхэд оролцлоо.

Сонгогчидтойгоо байнга уулзаж, Их Хурлынхаа шийдвэрийг сурталчилж, тэдний санал хүсэлтийг сонсож, ялангуяа “Их цааз” хуулийн төслийг бүх сонгогчдодоо уншиж танилцуулан тэднээс гарсан санал бүрийг бичиж авч нэгтгэн Архангай аймагт болсон уулзалтад оролцож, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхэнд өгч байсан юм.

1991 оны 10 дугаар сард Улсын Их Хуралдаандаа ирж, 76 хоног хуралдаж шинэ Үндсэн хуулиа баталж байлаа. 400 гаруй хүн санаа бодлоо уралдуулж, нэг үг, нэг өгүүлбэрийг бүтээх гэж 5-7 хоног болдог байсан. Нэг өгүүлбэрийг яг батлах боллоо. Гэтэл доктор зохиолч Л.Түдэв гуай босоод л тэр үг нь жинхэнэ монгол үг биш гэж хэлээд засуулдаг байв. Ер нь тал бүрийн мэргэжил боловсролтой, өндөр мэддэгтэй дадлага туршлага бүхий хүмүүс байсан даа. Тэнд байсан бүх депутатууд цөм л Монгол Улсын гол тулгуур хуулиа аль болох өргөн хүрээг хамарсан, удаан настай хууль болгохын төлөө, аль нэг нам, бүлэг, хувийн ашиг сонирхлыг бодохгүйгээр Монгол Улсынхаа ирээдүйг зөв тодорхойлно гэсэн нэг санаа зорилгод чиглэн ар гэр, ажил төрлөө орхин хоёр сар гаруй хуралдахад зарим үед ядрах, зарим санал дэмжигдэхгүй байхаар сэтгэл дундуур байх, уур уцаар хүрэх явдал ч гардаг л байлаа. Би нэг удаа газар өмчлөлийн тухай хэлэлцэж байхад бэлчээрийн газрыг өмчлүүлж болохгүй гээд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд гурван жил дараалан ган, зуд болж, Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт бригадаараа нүүж ирж бүтэн жил тойроод буцаж байсан Өвөрхангайн Богд суманд ган болж, Өмнөговийн Мандал-Овоо, Дундговийн Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдын нутагт нүүж очиж өвөлжиж, хаваржиж байсан тухай ярихад хажуугаас нэг залуу депутат “Та битгий илтгэл тавиад бай, суу” гэхэд нь “Амьдрал мэдэхгүй та нарт ингэж л ярихаас өөр арга алга” гэж хэлж байж билээ.

Биднийг зарим үед хурлын хугацаа сунгаж оройтож тарахад айдас төрүүлдэг, Сүхбаатарын талбайд бөөн хүмүүс цугларч, биднийг элдвээр хоргоох, дарамтлах байдал ч гардаг байсан. Хааяа гадуур ажил гарвал депутатын тэмдгээ авч өвөртлөөд явдаг байсан. Бид хурлынхаа завсарлага, чөлөөгөөр байнга л хуулийнхаа талаар хэсэг бүлгээрээ ярилцдаг, намын бүлгүүд хөдөөгийн депутатуудын бүлэг гэж, уламжлалын намын талийгаач О.Дашбалбар оролцсон бүлэг хуулийн зүйл хэлэлцэх болгонд цуглаж санал бодлоо солилцоно. Аймгаас сонгогдсон 23 депутат бид бараг орой бүр нэг байрандаа цугларч, маргаашийн хэлэлцэх зүйлээр санал бодлоо нэгтгэж, нэгээс хоёр нь босож саналаа хэлдэг байсан.

Ингэж олон хүний санаа бодол, хүч хөдөлмөр зарцуулж бүтсэн Үндсэн хуулиа ямар нэгэн хэлмэгдэлд өртчихгүй урт удаан хугацаанд үйлчилж төр, засаг, иргэн бүр хуулиа дээдлэн сахиж яваасай гэж хүсэж явдаг юм.

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН