Мөнгөний нийлүүлэлт (М2) 2021 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 (14.8%) их наяд төгрөгөөр өссөн байна. Энэхүү өсөлтөд валютын харилцах 362 тэрбум төгрөг, төгрөгийн харилцах 2.2 их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 1.6 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Төгрөгийн болон валютын нийт хадгаламж 19 их наяд төгрөг байгаагаас 70 гаруй хувь нь иргэдийнх байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.1 их наяд төгрөг болсон байна.
ААН, байгууллага болон иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 20.9 их наяд төгрөг болжээ. Ийнхүү зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 3.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл мөн 331.3 тэрбум төгрөгөөр буурчээ. Чанаргүй зээл 2.2 их наяд төгрөг болж өссөн байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2021 оны арванхоёрдугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 65.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 71.5 тэрбум төгрөгөөр өссөн.
2021 оны арванхоёрдугаар сард инфляц 13.4 хувьд хүрсэн. Үүнд импортын барааны үнэ 46.4 хувиар нөлөөлж байна. Мөн инфляцийн өсөлтөд хонины мах, бензин, дизелийн түлш, түлшний мод, хоолны газрын хоолны үнэ зэргийн үнийн өсөлт голлон нөлөөлсөн. нийтийн хоолны салбарын орлого өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өссөн байна.