Нүүр хуудасМэдээЧ.Чойсамбын “Орчин үеийн сэтгүүлзүйн асуудал” номын нээлт боллоо

Ч.Чойсамбын “Орчин үеийн сэтгүүлзүйн асуудал” номын нээлт боллоо

“Би энэхүү номыг редакторлохдоо нэг алдаа гаргаж. Чойсамбынхаа намтар дээр 1997 оноос МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимд багшилж байгаа гэж бичсэн байна. Гэхдээ үүнийгээ алдаа бус оноо ч байж магад гэж бодсон. Учир нь Чойсамба маань хэдийгээр тэнгэрийн оронд байгаа ч амьд ахуйдаа хэвлүүлсэн олон арван ном, сурах бичгээрээ хичээлээ заасаар, шавь нар нь түүний бүтээлээр мэдлэг оюунаа тэлсээр яваа нь үнэн юм. Тэр утгаараа түүний багшийн үйл хэрэг үргэлжилж яваа гэж ойлгож болно”. Боогий (МУИС-ийн профессор Б.Болд-Эрдэнэ) маань андынхаа номын нээлт дээр ийнхүү хэлэв. Үнэн л дээ. Ч.Чойсамба маань ном бүтээлээрээ одоо ч бидэнтэй хамт оршсоор байгаа.

…”Хамт нөхөрлөж явахад мэддэггүй байж. Сая номыг нь редакторлоод сууж байхад Чой маань сэтгүүлчийн ёс зүйн асуудлыг хамгийн их хөндсөн байгаа юм. Хүнлэг энэрэнгүй байх нь сэтгүүлзүйн алтан зарчим. Тэр утгаараа хүнээс илүү хүн байх ёстой ажил мэргэжил бол сэтгүүлч гэдэг санааг маш их давтаж байжээ” гэж Боогий хэлсэн үгэндээ зориуд онцолсон нь санамсаргүй биш л дээ.

МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш, нэрт судлаач, орчуулагч, доктор, профессор Ч.Чойсамба агсны эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллүүдийн эмхэтгэл “Орчин үеийн сэтгүүлзүйн асуудал” гарчигийн дор хэвлэгдэн гарчээ. Түүний дотнын найз Б.Болд-Эрдэнийн санаачилгаар, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатарын дэмжлэгээр ийнхүү номын хэлбэрийг олжээ.

Миний хувьд Ч.Чойсамбатай олон удаа уулздаг байлаа. Мань хүн сэтгүүлзүйгээс гадна дэлхийн түүхийн сэдвээр уйдах аргагүй сэдэв хөндөнө. Хамгийн сүүлд уулзахад “Лхагваа би чамайг зэмлэмээр байна. Яагаад одоо болтол докторын сэдвээ авч, хамгаалах талаар бодохгүй яваад байгаа юм бэ?” гэж билээ. Тухайн үед цаг гаргаад дайрсан бол өдийд болох л байж дээ гэж бодох юм. Гэхдээ оройтоогүй ээ, найзаа.

Тэр хүн 44 наслахдаа 44 ном гаргасан. Харин өнөөдөр 45 дахь номынх нь нээлт болсон нь энэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН