УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2025.02.14/ Налайх дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болоод УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан хуулиудын талаарх мэдээллийг хүргэж, санал солилцлоо.

Шадар сайд С.Амарсайхан “УИХ, Засгийн газраас төвлөрлийг сааруулах, бүс, орон нутгийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын амьдралын чанарыг тэгш, хүртээмжтэй нэмэгдүүлэх зорилгоор Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Налайх дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Налайх дүүрэг улсын зэрэглэлтэй хот болсноор татварын ялгаатай бодлого хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, Налайх дүүргийг бие даан хөгжүүлэх, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчин бий болж, тээвэр, логистикийн нэгдсэн төв байгуулагдах юм. Ингэснээр орон нутгийн дэд бүтэц сайжирч, орон сууцжуулж нийслэлээс шилжин суурьших иргэдийн тоо нэмэгдэх, төрийн байгууллага, их дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх нөхцөл бүрдэх юм” гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.

Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд хөгжлийн тулгуур төвүүдийг бий болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс, тээвэр логистикийн төв, Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн парк байгуулахаар тус тус төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар Нийслэл Улаанбаатар хотын барилгын материалын хэрэгцээг бүрэн хангахуйц үйлдвэрлэл, технологийн парк Налайх хотын 250 га газарт төлөвлөгдөн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа аж. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж, байгууллагыг дэмжих олон төрлийн татварын хөнгөлөлт, урамшууллын бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байгааг Шадар сайд тодотгосон.
